Бүх хороодод хүнсний эрхийн бичиг авдаг, амьжиргааны түвшин доогуур олон айл өрх бий. Тэдгээрийг халамжилж, тэтгэх нь л тухайн өрх, гэрт “буян” болж буй мэт авирлах нь цөөнгүй. Харин цаад нөхцөл байдал, хүнрүү нь чиглэсэн бодлогын юм хаа хаанаа орхигдох тал бий. Хэрхэн яаж тэр өрхийн одоо байгаа нөхцөл байдлыг дээшлүүлж, тогтмол ажилтай орлоготой болгох вэ гэдэг дээр буюу “загас барих аргыг нь зааж” өгөх зорилтот ажлуудын нэг бол тэдгээр өрхийн хөдөлмөрийн насны хүн бүрийг ажилтай байлгах, амьдралаа авч явж чадах нөхцлөөр хангаж, нийгэмшүүлэх явдал. Тэгвэл үүнийг СХД-ийн удирдлагууд соргогоор ажиглаж чаджээ. Тэд хүнсний талон авдаг 100 гаруй иргэнийг ажлын байраар хангаж ажиллах аж ахуй нэгжтэй санамж бичиг байгуулав. Үүгээр зогсохгүй зорилтот бүлгийн иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжиж ажиллах утга бүхий дэмжлэгийн гэрээг ч үзэглэжээ. Хэдийгээр зарим хүнд жижиг зүйл мэт санагдах ч, нэг өрх, нэг хүнийг өөрчилж, амьдрах чадварыг нь нэмэгдүүлж чадаж байна гэдэг л жинхэнэ бодит ажил. Ийм сэтгэлтэй хувь хүн, аж ахуй нэгжээ дэмжиж урамшуулж чадаж байгаа нь ч цаашдаа зорилтот бүлгийнхэнд чиглэсэн ажлын байрууд олноор бий болох, ажил орлоготой гэр бүлийг төлөвшүүлэх зөв эхлэл юм.