ДЭЗЭРЭТ Олон улсын байгууллага, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Нярайн тусламжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд нярайн шарлалтын эсрэг болон бусад тусламж үйлчилгээнд шаардлагатай дараах 5 багц тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Тодрулбал,
- Нярайн шарлалт бууруулах аппарат – 5 ширхэг
- Нярайн шарлалт хэмжигч – 5 ширхэг
- Нярайн жин – 5 ширхэг
- Ургийн зүрхний цохилт хэмжигч – 5 ширхэг
- Отоскопын аппарат – 5 ширхэг
Эдгээр тоног төхөөрөмж нь нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинээр төрсөн хүүхдийн 50–60 хувьд тохиолддог нярайн шарлалтыг эрт илрүүлж, зөв эмчлэх боломжийг бүрдүүлснээр хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн ирээдүйд онцгой ач холбогдолтой юм байна.
Хандив гардуулах арга хэмжээнд Дэзэрэт ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгч, олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, хуульч Д.Одсэржмаа болон тус байгууллагын сайн дурын ажилтнууд, аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцсон юм.
Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн төлөө энэрэнгүй үйлс дэлгэрсээр байх болтугай.