Д.Ундрахсүрэн
Д.Ундрахсүрэн - Сэтгүүлч
2022-10-03 • 1м унших

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ

Шашин судлаач С.Янжинсүрэнг  “ЭГЭЛ” ярилцлагынхаа ээлжит зочноор урин оролцуулж байна. Тэрбээр 2008  оноос хойш таван Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж, арын албаны ажлыг нэр төртэй гүйцэтгэж яваа эрдэмтдийн нэг билээ.

Монголын ирээдүй болсон оюутан залуучуудаас эхлээд, улс орныг удирдан залж яваа төрийн түшээдэд хоёргүй сэтгэл, холч ухаанаар зааж, зөвлөж явна. Тэдэнд түүний үг бүр үнэ цэнтэй.

Бид цар тахлын хүнд үе гэж эгээ л өнгөрсөн түүх мэт ярьдаг болж. Гэтэл тахалтай нүүр тулж, голомт дээр нь ажилласан баг бүрэлдэхүүнээ дурсах нь ховор. Ковидын үед “гал алдахгүйн” тулд нялх биетэй ээжээс эхлээд эрдэмтэн, судлаачид гээд олон хүн унтах нойрыг умартаж ажилласан байдаг. Тэдний нэг нь Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар ажиллаж байсан философийн ухааны доктор С.Янжинсүрэн юм. Мөн тэрээр зөвлөхийн энэ ажлаасаа гадна МУИС-д багшилдаг бөгөөд цар тахлын үед лекцээ видео, аудио хичээл болгож, сургуулийнхаа цахим хөтчид байршуулах, хичээлийн сэдэвт хамаарах өөрийн бүтээлүүдээ PDF рүү хөрвүүлж онлайнаар тараах, оюутнууддаа гэрийн даалгавар өгөх, даалгаврын гүйцэтгэлийг хянах зэргээр цахимаар сургалтын үйл ажиллагаагаа эрхэлж шавь нараа мэдлэгийн дутмагшилд орохоос сэргийлж ажилласан багш юм.

Түүнийг Унгарт 14 хоног хичээл заагаад ирсэн сургаар сэтгүүлч миний бие ярилцлага авахаар Төрийн ордны гурван давхарт байрлах ажлын өрөөнд нь зочилсон. Их ажлын дундуур амсхийх завгүй яваа ч ажил хэрэгч байдлаа үл алдан, асуулт бүрт маань “амттай” хариулт өгч байв.

Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт алба хашдаг тэрбээр МУИС-д мөн л гэрээт профессороор ажиллаж байна. Хуулиар төрийн албан хаагчдад давхар судалгаа хийх, багшлахыг зөвшөөрдөг. Гэхдээ ийнхүү давхар ажил хийх нь хязгаартай учир гэрээгээр ажиллаж байгаа аж.

С.Янжинсүрэн доктор өөрийн амьдралын 25 жилийг МУИС-тай холбосон. Анхны ажлын гараагаа тэндээс эхэлж, өнөөдөр ч тэндээ мэдлэг боловсролын үр шимээ түгээсээр байна.

ЗӨВЛӨХИЙН АЖИЛ ТӨРИЙН АЛБАНЫ КАРЬЕРТ НЭГ ШАТ УХРАХ НӨХЦӨЛ БОЛДОГ

-Нэг субъекттэй ажиллаад байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ бид төрдөө ажилладаг-

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Баримт бичиг,  хяналт шинжилгээний газрын даргын үүрэгт албыг хашиж байна. Сонсох нь ээ, шинэ газар бололтой юм. Ямар чиг үүрэг бүхий газар вэ?

-Миний хувьд 2008-2012 оны хооронд байсан хоёр засгийн газрын  хоёр сайдын,  мөн 2016-2020 оны долдугаар сар хүртэл Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад Засгийн газар шинэчлэгдэхэд Шадар сайдын ахлах зөвлөх, ажлын албаны даргаар дэвшин 2021 оны 2 дугаар сарын сүүл хүртэл ажилласан. Нэг үгээр хэлбэл Шадар сайдын зөвлөх, ахлах зөвлөхөөр өнгөрсөн таван жил гаруйн хугацаанд ажилласан байна. Одоо Ерөнхийлөгчийн тамгын газарт Баримт бичиг,  хяналт шинжилгээний газрын даргын үүрэгт албыг хашиж байна. ЕТГ-ын бүтцэд урьд өмнө байгаагүй шинэ нэгжийг байгуулсны нэг нь манай энэ газар. Ерөнхийлөгчийн тамгын газар гэдэг бол Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нь дэмжин тусалдаг ажлын алба юм. Манай Баримт бичиг, хяналт шинжилгээний газар бол Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн тамгын газраас гарч байгаа албан бичгүүдийн эхийг боловсруулах, санал өгөх, тэдгээрт шаардлагатай мэдээлэл бэлтгэх, ингэхдээ шаардлагатай судалгааг хийж, үнэн зөв, бодит мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ утгаараа нэлээн судалгаа хийж байж агуулгыг бүрдүүлдэг онцлогтой.

Мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дотоод үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх үүрэгтэй нэгж юм.

-Таны ажлын намтар түүхтэй танилцахад багш, судлаачаар олон жил ажилласан байсан. Харин хүнд зөвлөж, чиглүүлэх тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудад зөвлөнө гэдэг тийм амар зүйл биш байх. Бас л их ур ухаан, мэдлэг чадвар шаардана биз?

-Зөвлөх бол улс төрийн албан хаагчдад бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь хамтарч ажилладаг, хавсран дэмждэг үүрэгтэй албан тушаал. Нэг үгээр хэлбэл хөшигний ар талд ажилладаг онцлогтой. Түүнээс биш олон нийтийн өмнө тухайн улс төрийн субьектийн өмнөөс гардаг,  ярьдаг, хийдэг ажил биш. Албан тушаалтанд зөвлөхийн тулд өөрийн бүхий л мэдлэг, чадвараа дайчлан ажиллах учиртай. Зөвлөхийг хүмүүс хөндлөнгөөс хэрхэн хардагийг сайн мэдэхгүй байна.

Зөвлөх бол нэг субъекттэй ажиллахаасаа илүү төрийн албан хаагчтай адил улсдаа, төрдөө зүтгэдэг албан тушаал. Бидний хийж байгаа ажил, дэвшүүлж байгаа санал, зөвлөгөө бол төр засгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэдэг. Гэхдээ тэр саналуудыг санаан зоргоороо ярихгүй шүү дээ, бүх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нь, бодлогын динамикт нь авч үздэг.

Зөвлөхийн алба хашиж байгаа  хүн төрийн албан хаагчдийн адил Монгол эх орон, монгол хүний аз жаргалтай амьдралыг цогцлоохын төлөө, Монгол Улсаа ирээдүйн сайн сайханд хүргэхийн төлөө л ажилладаг. Товчхондоо, аль нэг улс төрийн субъектийн төлөө, тэр хүнийг дараагийн сонгуульд гаргахын төлөө ажилладаг албан тушаалтан биш.  Бүр энгийнээр, сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа хэн боловч Засгийн газрынхаа бодлого үйл ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд  ард түмэн, улс орныхоо тогтвортой хөгжлийн төлөө төрийн жинхэнэ албан хаагчидтай хамтран ажилладаг. Тэдэнтэй хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх асуудалд холбогдох материалыг бэлтгээд, боловсруулаад, зөвшилцөөд л явдаг. 

-Зөвлөхүүд төрийн жинхэнэ албан хаагчаас өөр ангилалд явдаг гэсэн үг үү?

-Төрийн албаны хуулиараа зөвлөхөөр ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцдоггүйгээс зөвлөхийн ажил, алба хашиж байсан хүн төрийн албаны ямар нэг ажлын байр, албан тушаалд өрсөлдөх боломж хязгаарлагддаг. Уг нь зөвлөх хийж байгаа хүмүүс ямар ажил хийдэг нь тодорхой. Үе, үеийн зөвлөхүүдийн хийж байгаа ажил улс эх орныхоо хэрэгцээ шаардлагыг хангасаар ирсэн гэж би хувьдаа үздэг. Тухайн үеийн засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхээр л ажилладаг албан тушаал.

Гэвч зөвлөх хийсэн хугацааг нь төрийн албанд ажилласнаар дүйцүүлэн тооцдоггүйгээс хувь хүний боломжийг хааж байгаа харагддаг.

Дээрээс нисээд буудаг хүн байж л байдаг, ер нь олонх нь байх шүү. Гэтэл тодорхой хугацаанд зөвлөх гэдэг ангиллаар төрийн албанд ажиллаж ажиллачихаад төрийн алба хашсанд тооцогддоггүй нь харамсалтай. Хэрэв дүйцүүлэн тооцдог бол хувь хүнд нь ч, төрдөө ч ач холбогдолтой л байх учиртай.

Тэр хүмүүсийнхээ хураасан туршлага, мэдлэг, чадварыг ашиглахгүй байгаа нь хүндээ, нийгэмдээ, төрдөө үрэлгэн хандаж байгаа хэрэг.  Миний хувьд бүх насаараа МУИС-д багшилж байгаа учраас дээрх алдагдлын хор хохирлыг амсалгүй явж ирсэн. Тиймгүй хүнд бол асуудал шүү.

-Тав дахь Засгийн газартаа ажиллаж байгаа хүний хувьд энэ засгийн газрын онцлогийг юу гэж харж байгаа вэ. Сүүлд батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.

-Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол шинийг хайж, хийж байгаа залуу хүн. Шинэ Засгийн газар бүрэлдээд ажиллаж байна. Ерөнхий сайдыг орчин үеийн удирдлагын арга зүйг төрийн удирдлагад нэвтрүүлж байна гэж харж байгаа. Нөгөө талаас хэрвээ төр алдаа гаргасан бол алдаагаа залруулах ёстой гэдэг зарчмыг барьж, ажиллаж байгааг нь зөв гэж харж байна. Алдсан бол засдаг л байх ёстой. Энэ Засгийн газар нэгдүгээрт хариуцлагатай, хоёрдугаарт хурдтай, гуравдугаарт технологижсон байя гэдэг зарчмыг барьж ажиллаж байна гэж дүгнэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-д ч миний хэлээд байгаа зарчмууд агуулгаараа тусчихсан байна лээ. 

МУИС КОВИДООС УЛБААЛЖ ОНЛАЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БЭЛТГЭЛЭЭ 80 ХУВЬ ХАНГАЖ ЧАДСАН

-Гол нь энэ бүхний цаана манай багш нар хэдэн шөнө нойргүй хоносон байх уу-

-“Ковидын үе ба боловсролын салбарын үнэн нүүр царай” сэдвээр таны байр суурийг сонсож болох уу?. Энэ салбарт цахим шилжилтийн хоцрогдолтой байдал, зайн сургалт явуулж, онлайнаар хичээллэх зэрэгт учир дутагдалтай асуудлууд их байснаас үүдэн сурагчид мэдлэг, боловсролын хоцрогдолд орсон тухай шүүмжлэл их гарсан шүү дээ.

-Цар тахал эхэлсэн үеэс энэ сорилтын халуун голомтод ажилласан хүний хувьд арай өөр зүйл ярьж мэднэ шүү. Тухайн үед би Улсын онцгой комиссын гишүүн, Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байлаа. Нөгөө талаараа, МУИС-ийн багшаа бас хийж л байсан. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүнд үед хоёр салбарт зэрэг ажилласан.

Ихэнх багш нарт, ковидын үеийн боловсролын дефицит бий болчих вий гэсэн айдас байсан байх. Тэр утгаараа бүх багш нар маань хүчээ дайчилж ажилласан гэж боддог. Тухайлбал, би хоёр хүүхэдтэй ээж. Миний бага хүүхэд намайг цар тахалтай “тулалдаж” байхад нэгдүгээр ангид сурч байлаа.

Шөнийн 3, 4 цаг хүртэл Улсын онцгой комисст, Шадар сайдын ажлын албанд ажиллаад, үүрээр шахуу гэртээ харьж  оюутнууддаа заах хичээлийнхээ бичлэгийг бэлдээд, өглөө нь сүлжээнд байршуулж түгээдэг байлаа.

Зарим тохиолдолд миний хичээлийн цагтай нэгдүгээр ангийн хүүхдийн маань хичээл давхцана. Том бол ахлах ангийн хүүхэд болохоор надаас их хамаараад байхгүй ч мөн л яг тэр цагт хичээллэж таардаг. Тэгэхээр зөвхөн миний гэр бүлийн жишээнээс үзвэл ковидын үеийн сургалтыг онлайн хэлбэрээр явуулж байгаа багшид ямар бэрхшээл тулгарч байсан нь ойлгомжтой байгаа биз.

-Наанадаж компьютер, техникийн хүрэлцээ айл бүрт асуудал болсон байх?

-Тийм. Манай гэр бүлд гэхэд дор хаяж гурван компьютер шаардлагатай болж байлаа. Энэ бүхэн ганцхан надад тохиолдсон бэрхшээл биш. Монголын нийт багш нарын өмнө тулгарсан сорилт. Харин энэ бүх асуудлаа манай багш нар огт ил гаргаагүй. Тиймээс боловсролын салбар муу ажилласан, багш нар дутуу ажиллалаа гэдэг яриа  гарсан болов уу. Багш нар цар тахлын үед зөвхөн ажлаа л хийсэн, хийх хийхдээ бүр сайн хийсэн гэж би хувьдаа дүгнэдэг.

Хэрэг дээрээ гар утсаа ашиглаад хичээлээ онлайн зааж байсан багш нар ч олон. 1 цаг 30 инут лекц уншихад хэчнээн дата тэр багшаас гарах вэ, хэн төлөх вэ, тодорхой шүү дээ.

Гэхдээ эргээд харахад тухайн үед ядарч, төрөл бүрийн гацаа, бэрхшээл байсан  ч одоо бүх хичээл маань видео, аудио бичлэгтэй болсонд их олзуурхаж байгаа. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай.

Багш нар нөхцөл байдалдаа тааруулж мэрж, оролдсоор байгаад бүх хичээл нь PowerPoint-той болсон, сургуулиуд ч техник технологидоо анхаарч эхэлсэн байна. Магадгүй жаахан хичээхэд бүрэн онлайн курстэй болчихоор байгаа.

Энэ бол амжилт шүү. Нөгөөтэйгүүр бас анхаарууштай зүйл ч гарч ирсэн. Онлайн хичээлээр дамжаад зохиогчийн эрхийн асуудал тулгарсан. Тухайлбал би, бид хичээлээ бичээд хүүхдүүддээ шууд тарааснаас болж онлайнаар 9.6 ам доллараар миний хичээлийг худалдахаар байршуулсан тохиолдол гарсан. 

МУИС л гэхэд ковидын үед нягт ажилласан учир онлайн сургалтыг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг цахимжуулах бэлтгэлээ бараг 80 хувь хангаж чадсан байх. Энэ бол хөдөлмөр, бас  амжилт. Энэ бүхнийг хийх гэж манай багш нар хэдэн шөнө нойргүй хонож, хувиасаа хэчнээн “дата” урсгасан нь тодорхой. Цар тахал 3 дахь жилдээ үргэлжилж байна  Олон цаг бичлэг хийж, хичээлийн агуулгаа дэлгэрүүлэн тайлбарлаж, боть зүйлийг дахин, дахин ярьж бичнэ гэдэг тийм ч амар биш.

 Харамсалтай нь эсхүл “хоншоортой” ч гэх юм уу багш нар “ядарч байснаа, ачаалалтай байснаа, техникийн хангамж дутуу байснаа” ил гаргаагүй.  

-ЭЕШ-аас болоод эцэг, эхчүүдийн хандлага бас нэлээн сөрөг болчих шиг болсон?

-ЭЕШ-ын дүн буурсан нь тодорхой хэмжээгээр хувь хүнтэй нь холбоотой. Би жишээлбэл, сая Унгарын Эөтвэш Лорандын их сургуульд монголчуудын шашин шүтлэгийн талаар хэд хэдэн цуврал лекц уншсан. Тэр сургуулийн оюутнуудыг харахад, заасан хугацаанд хичээлдээ ирээд сууж байна. Хичээлдээ төвлөрч, идэвхтэй байсан. Багш, сурган хүмүүжүүлэгчид нь оюутнуудаа дүгнэхдээ ч ковидоос болоод шаардлагаа сулруулж хөөрхийлөхгүй байна.

Тэгэхээр бид аливаа алдааг бусадруу эсхүл нийгэм, цаг үе рүү нялзаах биш хаа хаанаа хариуцлагатай байвал үр дүнд хүрнэ.

Үгүй бол нэг хэсэг нь хийгээд, нөгөө хэсэг нь бусниулдаг байвал ямар ч сайн ажлаас эерэг үр дүн бага бөгөөд удаан гарна. Ковид бэрхшээл мөн нь мөн. Гэхдээ  мэдлэгийн дутмагшлыг зөвхөн багш, сургуульд нялзааж болохгүй. Онлайн хичээл ороход дэлгүүрт, машинд явж байгаа оюутнууд байдаг. Зарим нь орондоо чихэвчээ хийчихсэн хэвтдэг. Харин дүн гарахад, шалгалт тулахад цар тахал, багш нар гэж ярьж болохгүй.  

ХУДАЛДАГЧ ОХИН “АМЬНААС ҮНЭТЭЙ ОРЛОГО ГЭЖ ЮУ БАЙХАВ” ГЭХЭЭР НЬ БИ ДАХИЖ ЮУ Ч АСУУЖ ЧАДААГҮЙ

-Энэ хүнд амьд явна гэдэг өөрийнх нь хамгийн түгээмэл эрх чөлөө гэсэн үг-

-Ковид одоо ч үргэлжилж байна. Гэтэл иргэдийн сэрэмж сулраад байх шиг ээ?

-Би саяхан Европ руу ажлаар яваад ирсэн. Тэндхийн авиа компаниуд билетээ худалдахдаа зорчигчдыг “Онгоцонд суухдаа маскаа заавал зүүх, вакцинд хамрагдсан тухай гэрчилгээтэй байх” шаардлага тавьж байна. Ажлаа хийхийн тулд вакцины гэрчилгээгээ аваад, маскаа зүүгээд л явсан. Би ер нь одоо хүртэл маскнаасаа салаагүй байгаа. ДЭМБ-ын судалгаагаар  амны хаалт халдвараас 90 гаруй хувь хамгаалдаг гэсэн үр дүн гарсан байсан шүү.

Харин манай нийгэмд олон хүний, урт хугацаанд энэ тахалтай тэмцсэн үйл ажиллагааны үр дүнг сулруулдаг сөрөг зүйл маш их байна. Тухайлбал, маск зүүх шаардлагагүй, ковид бол хөнгөн өвчин гэхчлэн нийтийн мэдээллийн сүлжээгээр ярьж, бичиж байна. Гэтэл маш олон хүн ковид-19-өөр, эсвэл ковидын дараах хүндрэлээр бурхан болсоор л байна.

Энэ өвчин цус өтгөрөх, цусны урсац нь удааширах улмаар зүрх судасны хүндрэл өгөх нэг шалтгаан болж байгаа тухай судалгаа олон бий. Ингэхээр ковид бол зүрх, тархины үйл ажиллагаанд ачаалал, дутмагшил үүсгэдэг байх нь. Нөгөөтэйгүүр, ковид-19-ийн вирус богино хугацаанд олон хувирч байна. Энэ хэрээр эрдэмтэн, судлаачдад тогтвор суурьшилтай, тулхтай судалгаа хийх боломж олгохгүй байна гэж би харж байгаа.  Арай гэж судлаад эм тариа гаргаж, эмчилгээний арга зүйг нь тодорхойлох гээд туршилт хийгээд явж байтал дараагийн мутац нь гараад ирдэг. Ийм байтал манайхан маск зүүх, вакцинд хамрагдахыг эсэргүүцдэг. Төрөөс гаргаж байгаа ковидын эрсдэлийг бууруулах талаар авч байгаа арга хэмжээнүүдийг үл тоодог. Энэ нь буруу төдийгүй цар тахлын сөрөг нөлөөг улам нэмж байна.

Ковид-19-ийн эхнээс Засгийн газар богино хугацаанд олон улсын судалгаануудыг үзэж харж, Гадаад хэргийн яамаараа дамжуулж гадаадын туршлагыг  цаг алдалгүй авч, харьцуулж тухай бүр шийдвэр гаргаж байсан. Тэр үед ажилдаа дарагдаад би лав дэлгүүрт оролгүй 2-3 сар болсон. Тэгж байгаад нэг хүнсний дэлгүүр ортол, ерөөсөө хүн байгаагүй, би ганцаараа үйлчлүүлсэн. Худалдагч охин хоёр давхар маск зүүчихсэн сууж байсан. Мэдээж ковидтой тэмцэх ажлыг зохион байгуулалцаж байгаа хүний хувьд худалдагч охиноос нөхцөл байдлын талаар асуусан. “Орлого хэр байна” гэхэд худалдагч охин юу гэж хариулсан гээч.

-Сонирхолтой л хариулт хэлж дээ?

-“Ядаргаатай юм. Би гэртээ баймаар байна. Эгчээ би нялх хүүхэдтэй байхгүй юу. Би энэ вирусаар халдварлачихвал яах юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоочихсон байхад танай дэлгүүр  ажиллаад, чи цалингаа авч байна. Чамд ашигтай биш юм уу. Халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад ажиллавал болох юм биш үү, чи цалингүй гэртээ суувал орлогогүй хэцүү биш үү” гэлээ. Тэгсэн тэр охин “Энэ вирус хурдан хувьсдаг гэсэн. Амьнаас үнэтэй орлого гэж юу байдаг юм” гэж хэлсэн. Би цаашаа юу ч асуугаагүй. Хүнд амьнаас илүү юу байх вэ дээ.  

Харамсалтай нь, тухайн үед нийгэмд сөрөг коммент түгээж байсан хүн олон байлаа.

Ер нь нийгэм оюун санааныхаа амьдралыг зөв удирдвал аливаа үйл ажиллагаа зөв болдог жамтай.

 

Философи ба шашин судлал

ААВ МААНЬ  “ МОНГОЛ ОРОН  БУДДИЗМ ГЭХ  МЭДЛЭГ УХААНЫ ИХ НАРИЙН УЛАМЖЛАЛТАЙ” ГЭЖ ХЭЛЖ БИЛЭЭ

-Философи, шашин судлалын тэнхимийн профессортой уулзчхаад энэ талаар ярихгүй, асуухгүй өнгөрвөл алдас болох байх. Хүн философи ярих гэхээр халгаад байдаг ч сонирхолтой сэдвүүдээр мэтгэлзээд ирэхээр дотор нь орчихдог шиг санагддаг. Энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Философи гэдэг хүмүүнлэгийн ухаан. Шашин судлал гэдэг нийгмийн шинжлэх ухаан. Миний хувьд үндсэн мэргэжил маань Эх бичиг судлаач. Гэхдээ судар ном судлах зорилгоор энэ мэргэжилд шилжиж суралцсан хүн. Ахлах ангид үзэж судалсан нийгэм судлал, нийгмийн тухай мэдлэг  хичээл маш сонирхолтой санагдсан учир философийн мэргэжлийг анх сонгож суралцсан.

1990 онд их дээд сургуульд элсэх конкурсын шалгалт өгөхөд 380 гаруй хүүхэд өрсөлдсөн санагдаж байна. Квотоор улаан шугам татдаг байлаа шүү дээ. Тэр үед философийн мэргэжлийг Улаанбаатар хотоос зургаан хүүхэд авах квоттой. Тэдний нэг болж, философийн ангид орсон. Тухайн үед яг мэргэжлийн философийн анги МУИС-д л байсан. Их сургуульд элсэж ороод 2 дугаар курст дэвшин суралцаж байтал Эх бичиг судлал гэдэг анги МУИС-д шинээр нээгдсэн. Шинэ ангид анги бүрээс хүүхэд элсүүлэхээр оюутнуудад санал тавьж байлаа. Надад мөн санал тавьж “Буддын философийн сэдэв одоохондоо чамд ороогүй байгаа. Буддын философи гэж монгол хүний сэтгэлгээнд их нөлөөлсөн онол сургаал байдаг. Судалгаа нэг хэсэг хийгдсэн боловч уламжлал тасрах тийшээ болсон. Судалгааг нь эрчимжүүлэхийн тулд тодорхой тооны боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна. Тиймээс философийн ангийн 2-3 хүүхдэд санал болгож байгаа юм,  чи юу гэж бодож байна” гэдэг юм байна.

-Буддизм, шашин судлал гээд явчихаар бүр сонирхолтой санагдсан уу?

- Бид нарын үед шашин их бүрхэг зүйл байсан. Шашин шүтлэг хориотой байсан үе. Гэхдээ эмээ, өвөө нар маань өөрийн гэсэн шашинтай, шүтээнтэй, худлаа ярих, заль мэх гаргах, хүн хуурах авир үйлдлийг цээрлэдэг хатуу зарчимч хүмүүс байлаа. Тэдний өдөр тутмын зан үйлдлийн энэ зарчим нь буддизмын суурь  байсныг тухайн үед хүүхэд байсан би яаж мэдэх вэ дээ. Нэг үгээр хэлбэл энэ соёл манай ахуйд тод туссан байсан гэсэн үг.

Ингээд ангиа сольбол төвөд хэл сурах, буддын филоссофи, Чойрын гол ботиудыг судлах тухай багшийн өгсөн мэдээллийг эцэг, эхдээ дамжуулж, саналыг нь асуусан. Аав маань “Ер нь манай Монгол орон Буддизм гэх мэдлэг ухааны их нарийн уламжлалтай гэдэг. Хэр судлагдсаныг нь аав нь мэдэхгүй. Их л сонирхолтой байх. Манай өвөг эцэг, эцэг нарын гараараа хуулж бичсэн том судар Жуужаад чинь бий. Өвөө аав, жуужаа хоёрын чинь авдарт сайхан сайхан судар бий шүү, гэхдээ дотор нь юу байдгийг мэдэхгүй” гэж хэлсэн. Би ч өвөө, эмээ нарынхаа бурхан дээр байдаг судруудыг уншиж үзмээр санагдаж л байлаа. Ингэж философийн ангиас Эх бичиг судлалын анги руу аавынхаа зөвшснөөр шилжиж орсон. 1995 онд сургуулиа төгсөөд, жил гаруй Тайваньд хятад хэл сураад, эргэн ирж сургуульдаа философийн магистрийн зэрэг хамгаалж МУИС-даа Буддын философи, логик заах дагалдан багшаас ажлын гараагаа эхэлсэн. 2002 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

- Зорьсоноороо бурханы судруудаа уншсан уу?

-Төвөд цагаан толгой үзэж,  хэдэн үг наана цаана оруулж орчуулахтай болонгуутаа хамгийн түрүүнд эмээгийн бурхан дээр байдаг, хүндэтгээд байдаг номуудыг гарчиглаж эхэлсэн. Миний ээжийн ээж буюу эмээгийн бурхан дээр Сундуй, Алтан гэрэл, Жадамба тэргүүтэй судрууд байсан. Бүгдээрээ Буддизмын гэгээрлийн онолын номууд. Ялангуяа Жадамба бол 8 бүлэг, 72 зүйлтэй том боть. Гэхдээ 90-ээд оны эхэн үед шашихн соёл хараахан сэргээгүй, Төвөд хэлний толь бичиг, сурах бичиг битгий хэл компьютертой хүн ч ховор байсан. Тэгэхээр өөрийнхөө сурсан хэмжээнд л уншиж гарчигласан гэсэн үг.  Би одоо Төвөд хэлний бичгийн хэлтэй. Ярианы хэл тухайн үед заадаггүй байсан.

РОБОТ ЛАМ ХҮМҮҮСИЙГ ТАЙТГАРУУЛААД СУУЖ БАЙГАА НЬ ШАШИН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ МЭДЭРЧ БАЙГАА ХЭРЭГ

-Нийгмээ дагаж хөгжиж байж хөгжиж буй иргэний оюуны эрэлт хэрэгцээг хангана-

-Шашин хүний хүмүүжил төлөвшилд нөлөөлдөг гэдэг. Судлаачийн хувиар таныг энэ сэдвээр сонирхолтой зүйлс ярих болов уу гэж бодож байна?

-Үүнд хариулахын тулд эхлээд шашны нийгмийн үүргийн талаар хөндөх учиртай  юм. Ер нь шашин судлалын шинжлэх ухаан  XIX зууны сүүл, XX зууны эхэн үеэс олон шинжлэх ухааны огтлолцол дээр бие дааж хөгжсөн.  Улмаар шашин судлалын зарим чиглэлүүд түлхүү хөгжсөний нэг нь Шашны социологи. Шашны социологи гэдэг нь шашин нийгэмд ямар үүрэгтэй юм бэ гэдгийг судалдаг салбар. Энэ чиглэл Европт их хөгжсөн. Өрнөдийн олон социологич, сэтгэгч нар шашин бол нийгмийг нэг үзэл санаанд нэгтгэдэг гэж үзсэн нь бий. 

Бас тэрчлэн зарим нь шашин бол хүмүүст ертөнцийг үзэх үзлийн үүрэг гүйцэтгэдэг, нэг үгээр хэлбэл  шашин нь оюун санааны амьдралыг нь тодорхойлж байдаг. Бас шашин хүмүүсийг харилцаанд оруулдаг. Энэ харилцаа нь тухайлбал,  шашны зан үйл үйлдэхэд, эргэл мөргөл, залбирал, наминчлал үйлдэхээр илэрч байдаг гэдэг. Үнэхээр ч тийм. Шашны зан үйлүүд нь хамтын шинж чанартай байдаг юм. Тухайлбал хэн нэгэн арга засал хийлгэхэд заавал нэг лам байдаг даа. Хамтаараа үйлддэг зан үйл ч олон шүү дээ. Хамгийн товчдоо нэгдэл гэж ойлгож болно.

 Мөн сэтгэл санаа тайвширах, шашны утгаараа бол сэтгэл ариусахад шашин их тусалдаг. Дээрээс нь ганцаардлыг даван туулахад хань болдог.

Хүний хамгийн аймшигтай ганцаардлыг мэдэрдэг үе бол үхэлтэй тулгарах.

Миний хувьд эцэг, эхийгээ алдахад үхэлтэй тулгарч байлаа. Гурван жилийн өмнө цаглашгүй ачиж ээжийгээ бурхан болоход зүйрлэшгүй их гашуудаж гансарсан. Ээж, аавыгаа алдана гэдэг хүний амьдралд, дотоод орон зайд нь ямар их ганцаардал, гансрал авчирдаг гэж санана. Энэ ганцаардал, уй гашууг даван туулахад шашин хүнд тусалдаг гэж үздэг юм. Талийж одсон нэгнээ сайхнаар төсөөлөх, сайхан ирээдүйд хүрээсэй гэж бодохгүй хэн байх билээ. Тиймээс хүн нас барахад шашны зан үйл үйлдэж, тодорхой хэмжээний бэлэвсрэх цаг хугацааг туулж, тухайлбал буддын шашны хувьд  49 хоног талийгаач нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, сайн үйл хийх шат дараалсан зан үйлийг үйлддэг. Түүгээр гансралаа тайлж байдаг.

Ингээд яриад байвал, шашин нь хүн болоод нийгэмд олон үүрэг гүйцэтгэдэг байгаа биз.

Шашин хүнд үзэл санааны нэгдэл, үнэт  зүйл, ертөнцийг үзэх үзэл болдог төдийгүй сүм хийд нь хүний ариусах орон зай нь болдог. Хүн сүм, хийдийг нүгэл хилэнцгүй ариун газар гэж үзэж мөргөхөөр, ариусах гэж, гэмшлээ илэрхийлэх гэж,  ямар нэгэн тайтгарал олох, бас танин мэдэх гэж л очдог. Тэрнээс цаг нөхцөөх гэж, худлаа ярих  гэж очдоггүй.

-Хуучин шашин хүнийг мунхаруулдаг гэдэг үзэл санаа давамгайлдаг байсан. Тэр нь өнөөдөр ч үргэлжлээд байх шиг санагддаг?

-Тийм ээ. Тэр үзэл санаа байсаар байгаа. Энэ үзэл санаатайгаа бид өнөөдрийг хүртэл хатуу зууралдаад байгаа учраас шүтлэгтэн хүнийг мунхаг, хоцрогдсон, мэдлэггүй, бүдүүлэг гэж хараад байдаг. Гэтэл шашны нийгмийн үүргүүдийг бодох хэрэгтэй.

Орчин үед шашин, шүтлэгтэн хоёр их өөр болж байна. Шашин хүний эрхийн талаар үзэл бодлоо илэрхийлж байна. Нийгэм, хүмүүнлэгийн том, том арга хэмжээ, үйл ажиллагаануудыг явуулж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна, технологижиж байна. 

Өөрөөр хэлбэл, шашин цаг үеэ дагаад, хөгжиж байна. Тэгэхээр шүтлэгтэй хүн ч ялгаагүй хөгжинө шүү дээ. Хуучин цаг үеийнхээ мэдээлэл, оюуны деформацыг бүрэн илааршуулж чадаагүйтэй холбоотой өнөөдөр шашин шүтлэгтэй хүнийг өөрөөсөө доогуур үнэлэх хандлага гарч байгаа. Шашингүй хүн ёс суртахуунгүй байдаг гэж өрнөдийн нэг томоохон философич хэлсэн байдаг. Ингэснээрээ шашныг дэмжээд байгаа юм биш. Гол нь шашин эртний соёлыг хадгалж байдаг гол зүйл. Энэ утга нь түүний өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж байдаг юм. Хоёрдугаарт, шашин шүтлэгтэй гээд хэлчихвэл, би бусдын дор  орчихно гэсэн айдас хүмүүст байгаа нь тодорхой байдаг. Гэтэл орчин үеийн, боловсролтой, мэдлэгтэй, шинжлэх ухаанч хүн гэхээрээ л шашин шүтдэггүй болчихдог юм биш. Нийт эрдэмтэн судлаачдын 51 хувь нь шашин шүтдэг гэсэн судалгааны үр дүн ч байна.

-Шашин өөрөө цаг үеэ дагаад хөгжиж байна гэж байгааг Япон улс батлаад өгчихлөө ш дээ. Робот лам хүмүүсийг тайтгаруулаад  сууж байх жишээний?

-Робот шашны зан үйл үйлдэж, шүтлэгтнийг тайтгаруулж байна  гэдэг бол  шашин энэ ертөнцийн дижитал шилжилтийг мэдэрч байгаагийн илрэл. Тэгэхээр дижитал шашны шүтэн бишрэгч ямар байх нь тодорхой, дижитал л байна шүү дээ. Шашин шүтдэг хүн хоцрогдсон, мунхаг байхаа больсон.

Шашин судлалын шинжлэх ухаанд шашныг одоогоос 40-50 мянган жилийн өмнө бий болсон түүх, нийгэм, соёлын үзэгдэл гэж үздэг юм.  Өөрөөр хэлбэл, хүний оюуны үзэгдэл, соёлын үзэгдэл, түүхэн үзэгдэл байх нь. Энэ бүх хугацаанд шашин хүнтэй хамт хөгжиж ирсэн гэсэн үг. Эхэн үедээ хүний хөгжлийг шашин дэмжиж байсныг судлаачид зөвшөөрнө. Хийсвэрлэн сэтгэх, танин мэдэхэд түүчээлэн хөтөлж байсан үе бий. Одоо ч өөрийн үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсээр л байна.

Шашны нөхцөл байдал, чиг хандлагыг тандан судалж байгаа олон улсын болон дотоодын судалгааны үр дүнгүүдээс үзэхэд, хүн төрөлхтний 85 хувь нь 100 жилийн дараа ч шашинтайгаа байхаар прогноз гарсан.

Тэгэхээр шашин тийм ч богино хугацаанд хүн төрөлхтнөөс салаад явчих үзэгдэл биш байх нь.

Гэхдээ шашин, шашны байгууллага, институциуд өөрөө хөгжиж байж орчин үеийн шүтлэгтний оюуны эрэлт хэрэгцээг хангах учиртай. Энэ бол өнөөгийн шашны өмнө тулгамдаж байгаа гол асуудал мөн. Шашин энэрэн нигүүлсэхүйн тухай, шударга үнэний тухай, тэгш зарчмын тухай, эгэл даруу энгийний тухай ярьж байгаа бол шашин, сүм хийд, лам хуврагууд өөрсдөө энэрэнгүй,  шударга, энгийн даруу байх ёстой.

ШАШИН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ НЯГТ ХОЛБООТОЙ

-Аливаа улсын төрийн бодлого ихэвчлэн ард түмнээ нэг шашинтай байхад анхаардаг-

-Шашин нийгэмд олон төрлийн үүргийг гүйцэтгээд явдаг юм байж. Эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж болох уу. Магадгүй шүтлэгтэн хүмүүсийн хэт туйлшралаас улбаатай сөрөг нөлөө үзүүлдэг байх. Тийм үү?

-Шашин бол Үндэсний эв нэгдэлд тодорхой хэмжээний үүрэгтэй. Тиймээс аливаа улсын төрийн бодлого нь ихэвчлэн ард түмнээ нэг шашинтай байхад анхаардаг талтай.

Манай хувьд Бурханы шашинтан дийлэнх нь буюу шашин шүтлэгийн хувьд харьцангуй нэгдмэл учир одоогоор элдэв сөрөг асуудал гараагүй байна. Гэтэл ард түмэн нь шашин шүтлэгээрээ ялгарах хандлагатай улс орнуудын жишээ олон бий.

1960-аад оны үеэс шашин судлалд шинэ шашин, шинэ шашны хөдөлгөөн гэдэг ойлголт бий болсон байдаг. Тухайлбал, Франц, Белгид зэрэг өрнөдийн орны иргэд нь тодорхой нэр бүхий шашнуудын талаар шүүхдээ гомдол гаргах болсон. Гомдол гаргагчид “Энэ шашинг шүтээд манай хүн гэр бүлээсээ хөндийрөөд байна. Манай гэр бүлийн харилцаа сулраад байна. Энэ ямар учиртай шашин бэ, учрыг нь олж өгөөч” гэх утгатай санал гомдол илэрхийлж байсан гэдэг.

Францын нэлээн нэр алдартай зохиолчийн хүү амиа хорлосон байдаг. Хүүгээ алдчихсан эцэг, эх хүүгийнхээ амиа хорлосон шалтгааныг тодруулж, судалж, олж мэдэхийг хүсэх нь ойлгомжтой.  Тэгтэл хүү нь нэг шашны байгууллагын гишүүн болчихсон байсан. Тэр шашных нь номлолд ариусахаар амиа егүүтгэхийг ятгадаг үзэл санаа байсан гэсэн үг. Ингээд хүүгээ шашны байгууллагад алдсан Францын зохиолч Рожер Икорын санаачлагаар шинэ шашны хөдөлгөөнүүдийг судалдаг, ард иргэддээ мэдээлэл өгдөг, буруу үзэл санаа түгээдэг шашнуудтай тэмцдэг анхны байгууллагыг байгуулсан байдаг юм. Дээрхтэй адил агуулгатай гомдлууд ихсэх хандлагатай болмогц Францын төрөөс 1982 онд албан ёсоор шинэ шашныг танддаг төрийн байгууллагуудыг байгуулж, парламентынхаа доод танхимаас туршлагатай, нэр хүндтэй улс төрийн субьектуудыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулж, судалгаа явуулж сонсгол хийсэн байдаг юм. Улмаар ард түмний дотоод эв нэгдлийг сулруулдаг, эдийн засгийг дордуулдаг, их хэмжээний өглөг авч ахуй амьдралд нь сөргөөр нөлөөлдөг шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл, Европын орнуудад шинэ шашин, шинэ шашны хөдөлгөөн гэдэг ойлголтыг эмхэлж цэгцлэх, дүрэм журманд оруулах үйл ажиллагааг төр засгаас нь эрчимтэй явуулж эхэлсэн түүхтэй юм. Одоо бол дэлхийн олон орон шашны гаж урсгал гэдэгт анхаардаг, сэргийлдэг, хорьдог болсон.

-Тэгэхээр үндэсний эв нэгдэлээс гадна үндэсний аюулгүй байдалтай ч холбогдох нь байна шүү дээ?

-Яг наадахыг чинь хэлж байна. Шашин үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой . Энэ талаар Монгол Улсын ҮАБ-ын хууль тогтоомжид ч тодорхой заалтууд бий. Яагаад Төр сүм, хийдийн харилцааны хуулинд, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд буддизм гэдэг нэр томъёог оруулсан байдаг вэ гэвэл, ард түмнийхээ үнэт зүйлийн нэгдмэл байдлыг хангахын тулд, соёлын уламжлалаа хадгалахын тулд, дангаарчлалтай хоцрохын тулд юм. Харин үүнийг цааш нь сурталчилдаг, ярьдаг, ойлгуулдаг үйл ажиллагаа туйлын дутмаг байгаа.  Гэвч  МУИС шашин судлалын хөтөлбөр хэрэгжүүлж шашин судлалын төрөл бүрийн хичээлийг заадаг болсон нь залуучуудын дунд шашин нийгэмд ямар үүрэгтэй вэ, хувь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг ойлголт ялангуяа сүүлийн 10 жилд эрс өөрчлөгдөж байгаа.

-Шашнаар дамжуулж тухайн улсын ард түмнийг хагаралдуулах гэсэн, эв нэгдлийг нь ганхуулах гэсэн оролдлогууд гарч байв уу?

-Гарсаар байгаа. Олон улсад энэ жишээ их олон.  Сая ковидын үеэр Солонгост энэ халдварыг тархахад нэгэн шинэ шашны хөдөлгөөн эх сурвалж нь болсон. Хөл хорионы үед чуулган зохион байгуулснаас болж халдвар нийслэл хотод нь тарсан тухай мэдээ дэлхий даяар түгснийг мэдэж байгаа байх.

БНСУ-д гарсан Шинчонжи гэдэг энэ шашны урсгалын сүм хийд манай улсад ч байгуулагдсан шүү дээ. Тэр шашны үйл ажиллагааг 2017 онд манай эрх ашигт нийцэхгүй байна гэж үзээд төрийн байгууллагуудаас эрхийг нь цуцалсан байсан. Гэхдээ далдуур үйл ажиллагаа явуулсаар байсан. Яаж мэдсэн бэ гэвэл, 2020 онд манай улсын 10 гаруй иргэн төр захиргааны байгууллагуудад хандаж дээрх шашны талаар өргөдөл гаргасан байдаг. Тэр өргөдлөө манай тэнхимд мөн хувилж өгсөн. Гэвч бид шашныг судалдаг нэгж болохоос өргөдөл, гомдол хүлээж авч шийдвэрлэдэг байгууллага биш учир зөвлөгөө өгөөд буцаасан. Ингэхдээ өргөдлийн агууллагад байгаа  “Гэр бүлийн харилцааг хөндийрүүлсэн, хүүхэд сургуульд сурах бололцоог хаасан, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн, эдийн засгийн хохирол учруулсан” зэрэг нь үнэн баттай бол бусад шат шатны байгууллагад хандах ёстойг  зөвлөсөн.

Энэ нь дээр хэлсэн шинэ шашны хөдөлгөөн манай нийгэмд ороод ирсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийг нотолж байна. Харин иргэд түүнийг нь соргогоор олж мэдэж, илрүүлж чадсан нь сайшаалтай юм.

Зарим шинэ шашин “Та нарт гадаад хэл заана, бясалгал заана. Хүний эрхийн сургалт явуулна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийн лекц уншина. Эдгээрийг мундаг эрдэмтэн, профессорууд заана. Арга хэмжээнд урлаг соёлын одууд орролцоно” гэхчлэн ухуулан зарлаж иргэдийг өөртөө татдаг, нөлөөлдөг.

Эхний зургаан сарын хугацаанд ямар нэгэн гадаад хэл заах ч юмуу дээр дурдсан лекц, сургалтаа орно. Харамсалтай нь, тодорхой хугацааны дараа жинхэнэ өөрсдийнхөө сургах гэсэн юмаа хэрэгжүүлж эхэлдэг. Тэр хугацаанд хүмүүсээ маш сайн анкетжуулж судалдаг.  Хүмүүсээр бөглүүлсэн анкетыг нь харахад ургийн овог, овог нэр, нас, хүйс, регистер, боловсрол, шашин шүтлэг, хүсэл мөрөөдөл, санаа зовнил бүгд багтсан байдаг.

Гэтэл өнөөдөр бид хүүхдээсээ юу хүсч байна, ямар мөрөөдөлтэй, яг юу нь болохгүй байна, ямар асуудал тулгарч зовоож байна гэж асууж чадаж байгаа бил үү. Төр нь иргэнээсээ асуух нь бүү хэл, яг үнэндээ ээж нь хүүхдээсээ тиймэрхүү асуулт асууж амжиж байгаа билүү. Бодох л зүйл. Тэгэхээр шашны асуудалд төрийн хяналт байх учиртай. 

ШАШИН БОЛОВСРОЛД НӨЛӨӨЛВӨЛ ТӨР, ШАШИН ХОЁР ТУСДАА ГЭДЭГ ОЙЛГОЛТ АЛДАГДАНА

-Судалгаа хийгээд явж байхад манай уламжлалт биш шашны нэр томъёо, текстүүд сурах бичигт орчихсон байдаг-

-Тэгвэл шашин боловсролын байгууллагуудтай холбогдох, тэр дундаа сурагчдад гарын авлага, сурах бичиг шашны байгууллагуудын төлөөллөөр дамжигдаж хүрч байгаа нь зөв үү?

-Ард түмнүүд өөр өөрийнхөө уламжлалт шашны агуулгаар сургалтын хөтөлбөр боловсруулж,  сурах бичиг хэвлээд хичээл ордог. Гэхдээ манайд нэг сонин юм байна. Хуучин 70-аад жилд хуримтлагдсан үзэл санаанаасаа салж чадахгүйтэй холбоотой ч юм уу, буддизм гэдэг нэр томьёог, эсвэл нүгэл буян гэхээр хэрэглэхийг хорьчихдог. Судалгаа хийгээд явж байхад уламжлалт биш шашны нэр томъёо, текстүүд сурах бичиг дотор орчихсон л байдаг. Гэхдээ тухайн хөтөлбөрийг боловсруулж, сурах бичгийг гаргаж байгаа хүн зориуд авч хэрэглээгүй байж болно. Магадгүй тэр өгүүлбэр нь ач холбогдолтой санагдсан байхыг үгүйсгэхгүй.

Энэ нь өөрөө манай боловсролын сургалтын хөтөлбөр, түүний хяналт сул байгааг харуулж байна. Яваандаа ард түмэн үзэл санааны хувьд сарниу болно л гэсэн үг.

Улс улсын уламжлалт шашин соёл  сургалтандаа хэрэглэгддэг, энэ бол түгээмэл. Тухайлбал, Голланд Төгөлдөршлийн хөтөлбөрөөрөө өөрийнхөө Христос шашны агуулгыг ярьж, ёс зүйн сургаалыг нь танилцуулдаг. Орост ч тийм, Германд ч байгаа. Харин манайд уламжлалтыг нь дорой, бүдүүлэг гэж хорьчихоод уламжлалт бишийг болохоор жишээ болгоод уншуулаад байдаг.

Нэг үгээр хэлбэл төрийн алба дахь шашны асуудлаарх мэдлэгийн дутмагшлаа залруулах хэрэгтэй.

ТӨГСГӨЛ

Хүн гэдэг амьтан нийгмийг бүрдүүлдэг эд эс.  Харин хүнийг тодорхойлдог нэгэн чухал зүйл бол тухайн хүний үзэл санаа.  18 настай охин Буддизмыг судлах, Төвөд хэлд шамдан суралцах, философид  дурлах болсон шалтгаан, үзэл баримтлал, аливааг харах өнцөг зэрэг нь надад маш сонирхолтой санагдаж байлаа. Тэр ч утгаараа хувь хүн талаас нь ярилцахыг зорьсон ч бидний ярилцлага шашин, боловсрол зэрэг өргөн хүрээг хамарсан юм.

Харин хувь хүн талаас нь асуусан цөөн асуултын нэг, “Үргэлж бусдад зөвлөдөг хүн өөрөө хэнээс хамгийн оновчтой зөвлөгөөг авч байв” гэх асуулт байсан. Тэрээр энэ асуултад “Миний охин өөрийгөө хайрлаарай” гэдэг ээжийн минь үг хамгийн үнэн бөгөөд үнэтэй зөвлөгөө байсан. Ер нь ямар ч хүн хамгийн ач холбогдолтой,  нандин зөвлөгөөг гэр бүлээсээ, тэр дундаа ээжээсээ авдаг байх. Ээжийн үгэнд олон утга шингэснийг хожуу ойлгосон” гэж хэлэхдээ хоолой нь үл мэдэг зангирч байв.

Цар тахлыг “алдах” мөчид өрөөгөө түгжээд уйлж байсан хүнд цаглашгүй ачит ээжийнх нь үг ямар үнэ цэнэтэй байх нь ойлгомжтой. “Хүн өөрийгөө хайрлаж байж сайхан гэр бүл, сайхан нийгэм, сайхан дэлхийг бүтээнэ” гэдэг түүний үгээр ийн ярилцлагаа өндөрлөе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 55 Хаха 8 3 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 6 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (21)
  • Зочин • 4 долоо хоног - 202.21.123.56 Хариулах
    Одоо олон юм онхолдолгүй "Ковидын төсвийн хэрэг"-тээ дээлээ бэлд дээ. Шорон судлаач болоорой
  • Зочин • 4 долоо хоног - 202.21.123.56 Хариулах
    Нэг л зөрөлдөж явсан хүн бн даа
  • Зочин • 4 долоо хоног - 202.21.123.56 Хариулах
    Ам, ажил нь, боловсрол, албан тушаал нь
  • Зочин • 4 долоо хоног - 202.21.123.56 Хариулах
    Сайдын зөьлөхөөс Шадар сайдын ажлын албаны дарга??? Шашин судлалаас Вирус судлал (ковид)
  • Зочин • 4 долоо хоног - 202.21.123.56 Хариулах
    Багшаас Уул уурхайн сайдын зөвлөх??
  • Зочин • 4 долоо хоног - 202.21.123.56 Хариулах
    Философиос эх бичиг судлаач, эх бичиг судлаачаас Шашин судлаач???
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Бурханы шашин өөрчлөгдөж шинэчлэгдсэн нь худлаа, феодализмын үеийн харанхуй бүдүүлэг номлол хэвээр байгаа, мухар сүсэг бишрэлийн хор холбогдлын талаар юу ч ярьсангүй, харин ч бүх шашин сайхан хэрэгтэй, шашингүйн үзэлтэй хүн бараг муу мэт ойлголт төрүүлжээ. Яахав, ерөнхий онолын мэдлэг гайгүй эмэгтэй бололтой...
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    За яахав ажил ам хоер нь их л зөрүүтэй хүн дээ.Боловсрол тэр хүний мөн чанарыг өөрчилдэггүй ем.Сайхан ярьсан хүн бүр ярьсан шигээ хүн байдаггүй.Би үүнийг маш олон цэцэн мэргэн хүмүүсийг харж мэдлээ
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Covidiin ued zartsalsan ediin zasgiin tailang uzmeer bnaa
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Za ter haalgaa tugjeed uilsan gdgig unshsan chin dotor muuhai orgichihloo. Arai l doloogod niitleliin ezniig doosh hiichihlee. Ene hunii haana uilah n irged bid nart yamar hamaatai yum be
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Za ter haalgaa tugjeed uilsan gdgiig unshsan chin b
  • G • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Chadaltai emegtei daanch huniig yu umsuj zvvsen bn gj haraad bdg n hachirhaltai. Heg yog gd joohon deerengui haritsaatai yum shig sanagdsan. Hun bolgon uurchlugddug hoino odoo ch uur hun bolson bailgui de
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Uneheer saihan yariltslaga boljee, Mongold hovordood baigaa bolovsrol ondor, medleg orgon, daruu mundag busguichuudiin neg baina, amjilt!
  • Христийн шашинтан • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Баахан ухаантай юм ярьж ярьж буддын шашнаа л рекламдаад дуусдаг нь бас юу ч гэмээр юм. Шашин судлаач юм бол бүх шашнаа судалсан зүйлсээ ярих хэрэгтэй байхгүй юу. Зөвхөн нэг өнцөг барьж авчихаад тэрнийгээ зөв гэж ярих чинь коммунист дэглэм хамгийн шудрага нийгэм гэдэгтэй агаар нэг харагдаж байна даа.
  • Иргэн • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Ерөнхий сайдад зөвлөдөг хүн олон аж. ҮР ДҮН нь? Яагаад олигтой өөрчлөлт анзаарагдахгүй байна? Ажлынхаа, бодлогын үр дүнг анхаараач!
  • Бөө судлаач • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Хүн өөд болсны дараах 49 хоног чинь бэлбэсэрлийн төлөөх зан үйл биш шүү дээ, судалгаагаа арай гүнзгийрүүлж эртний монгол бөө мөргөлийн гүн ухаанаас суралцвал дээр дээ, талийгчийн сүнсийг аргадаж, хийгээр хооллож, зулын гэрлээр тэтгэж эрлэгийн элч ирж авч явахад бэлдэх хугацаа юм, лам нар энэ үйлийг бүрэн хийж чаддаггүй, номын хүчээр хийх гэж 49 хоног ёс хийлээ ч зүй бусын үхлээр өнгөрч сэтгэлзүйн цохилтонд орсон сүнснүүдийг дийлдэггүй, харин бөөгийн Онгод бол дагуулаад дээш нь авч явдаг учраас хоргодсон, тэнэсэн, төөрсөн сүнс тийрэн болж хувирахгүй сайн талтай.
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Шашны асуудлыг хөндөж ҮАБЗ-ийн анхааралд оруулж ирсэн өөр хүмүүс бий. Одоо ч бусдын хиийснийг өөрийн хийсэн юм шиг л ярьдаг болчихож дээ... Үхэлтэй тулгарах гэж өөрөө тулгарсныг л хэлэх байх. Дотны хүнээ алдсаныг өөрөө үхлийн ирмэгт очсон юм шиг ярьж болохгүй...
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Янжаа багш шиг зарчимч, хариуцлагатай, эрдэм боловсролтой, эрч хүчтэй эмэгтэй байтугай эрэгтэй хүн ховордсон цаг даа
  • Янжаа багш шиг зарчимч, хариуцлагатай, эрч хүчтэй эмэгтэй байтугай эрэгтэй хүн ховордсон цаг • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Шавь
  • зочин • 3 сар өмнө
    зөв үзэл бодолтой, энрэнгүй, тусархаг эмэгтэй байна гэж ойлголоо!
  • Зочин • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Монголын мундаг бүсгүйчүүдийн нэг дээ. Эрдэм боловсрол, зарчим, хүмүүн төрх гээд яривал өнөөгийн төрийн албанд ховор хүмүүсийн нэг шүү. Шашин судлалаар бол яалт үгүй ховор эрдэнэ
  • иргэн • 3 сар - 202.21.123.56 Хариулах
    Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье. Хүндэтгэж явдаг шүү.
Мэдээлэл
Украины ирээдүйтэй залуу тамирчин дайнд нас баржээ
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Испанид амьдарч байна
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“Аавын хүүд амьдрал бэлэглэе” Халуун сэтгэлийн аян Сайхан сэтгэлт Монголын ард түмнийгээ аянд нэгдэхийг уриалж байна
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Параглайдерийн нисгэгчид гэрчилгээгээ гардаж авлаа
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хайти улсад цагдаа нар нь засгийн газрынхаа эсрэг босов
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Авлигын хэргийг шалгах явцад гадны улсаас их хэмжээний хөрөнгө татсан тохиолдолд хэрхэхээ мэдэхгүй Монгол улс
2023-01-24 • 1м унших
Мэдээлэл
Нүүрсний хэрэг: Хууль бусаар олсон мөнгөөрөө газар худалдан авч, барилга барихад ашиглажээ
2023-01-24 • 1м унших
Мэдээлэл
Цагаан сараар гурав хоног амарна
2023-01-24 • 1м унших
Мэдээлэл
Долоон машин мөргөж, 2 хүүхэд  гэмтээсэн гэх иргэн Ч.Маралмаагийн шүүх хурал өнөөдөр 11 цагт болно
2023-01-24 • 1м унших
Мэдээлэл
Японы ерөнхий сайд: "Төрөлт буурсан нь нийгэмд ноцтой эрcдэл учруулж байна" гэжээ
2023-01-24 • 1м унших
Мэдээлэл
Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-24 • 1м унших
Мэдээлэл
Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин 8 нас хүрлээ
2023-01-24 • 1м унших
Мэдээлэл
Малдаа яваад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ
2023-01-23 • 1м унших
Мэдээлэл
Зохиолчдын эвлэлээс тагнуулын байгууллагад шаардлага хүргүүлжээ
2023-01-23 • 1м унших
Мэдээлэл
Нүүрсний хулгайн хэргээр 7 хүнийг цагдан хориод байна
2023-01-23 • 1м унших
Мэдээлэл
Сансрын нисгэгч Эдвин Алдрин 93 насандаа гэрлэжээ
2023-01-23 • 1м унших
Мэдээлэл
Сурагчдын хичээл эхлэх хуваарь хэвээрээ байгаа
2023-01-23 • 1м унших
Мэдээлэл
Яруу найрагч Хулангийн хүү мэдэгдэл хийжээ
2023-01-22 • 1м унших
Мэдээлэл
“Монгол хаан” дэлхийн тайзыг тамгална
2023-01-20 • 1м унших
Мэдээлэл
ӨМНӨГОВЬ: Сумдын ЭМТ-ийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа
2023-01-20 • 1м унших
Мэдээлэл
Зорчигч тээврийн автобус шатжээ
2023-01-20 • 1м унших
Мэдээлэл
Дэлхийн хамгийн том бах мэлхийг танилцуулж байна
2023-01-20 • 1м унших
Мэдээлэл
Ноолуур 1 кг нь 40-80 мянган төгрөгийн үнэтэй байна
2023-01-20 • 1м унших
Мэдээлэл
СХД-т 10х12 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг унтраажээ
2023-01-20 • 1м унших
Мэдээлэл
Гаалийн байгууллага улсын төсөвт 4.6 их наяд төгрөг төвлөрүүлжээ
2023-01-19 • 1м унших
Мэдээлэл
Гаалийн байгууллага улсын төсөвт 4.6 их наяд төгрөг төвлөрүүлжээ
2023-01-19 • 1м унших
Мэдээлэл
Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулжээ
2023-01-19 • 1м унших
Мэдээлэл
"Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна"
2023-01-19 • 1м унших
Мэдээлэл
Монголын тамирчид олимпийн эрхээ хэрхэн авах вэ?
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө авна гэсэн өрхөд мөнгийг ямар нэг асуудалгүй олгоно
2023-01-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Мэдээлэл
П.Сайнзориг: Хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо БОЛЬ
2022-10-18 • 1м унших
Мэдээлэл
ШУУРХАЙ: Хорих ангиас оргосон 22, 23 настай хоёр хоригдлыг улс даяар эрэн хайж байна!
2022-08-09 • 1м унших
Мэдээлэл
Update: Японы удирдагч асан Абе Шинзо нас барсан нь батлагдлаа
2022-07-08 • 1м унших
Бүгдийг үзэх