Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A south facing window) богино хэмжээний киноны дэлхийн нээлт энэ сарын 10-нд болов.
78 дахь удаагийн Локарно Кино Наадмын Pardi di Domani-Concorso Corti d’Autore (Leopards of Tomorrow-Short Film Competition) буюу Богино хэмжээний киноны уралдаант хэсэгт Монгол Улсаас анх удаа сонгогдсон тус кино ийнхүү нээлтээ хийв. Нээлтэд киноны гол дүрийн жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай болон Франц талын продюсер Катя Хазак нар оролцон бүтээлээ танилцуулсан юм.
“Урагшаа харсан цонх" киног Хонгконгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх International Film Camp хөтөлбөр болон Францын Үндэсний Кино Урлагийг Дэмжих Сан, Арте Франц зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Гуру Медиа болон Аврора Филмс хамтран продюсерлэн бүтээжээ.
Энэ жилийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэгт дэлхийн 25 орны 40 кино бүтээл сонгогдон, шагналын төлөө өрсөлдөж байна.