Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 200 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм.
Адууг уналга, ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж буй. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу илүү чухал үүрэгтэй юм.
Иймд эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан юм.
Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн билээ.
Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны долдугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Түүнчлэн ирэх жилээс дэлхийн морьтнууд 10 мянган морьтны жагсаалыг манай улсад хийхээр төлөвлөж байгаа аж.