Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үдээс хойших хуралдаан намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаагаар үргэлжилж Монгол Ардын Намын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор дэвшүүлснийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар зарласан юм. Харин заалнаас Монгол Ардын Намын даргад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлСЭН. Тэрбээр “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож , намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн.
Надад маш олон нам санал тавьсан.
Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа.” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцолсон.
Харин Н.Учрал илтгэлийнхээ эхэнд “Арван зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Ням-Осорын Учрал би энэ танхимд олон арваараа суугаа намын анхан шатны байгууллагын төлөөлөл, журмын нөхөд та бүхэндээ мэндчилж байна. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй. Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд зөвшилцөл байх болно. Монгол ардын нам ардынхаа итгэл дээр тогтсон ёс зүйн өндөрлөг дээрээ байх ёстой.
Ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Шударга ёс биднээс эхлэх ёстой.
Та бид энэ Их хурлаараа монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай” гэж онцолсон.
Нэр дэвшигчдээс Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид асуулт асууж дуусан, өдгөө намын даргыг сонгох санал хураалт эхэллээ. Түүнчлэн санал хураалтын комиссын даргаар УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ажиллахаар боллоо.




