Тэтгэврийн доод хэмжээгээ нэмэгдүүлэхийг шаардан удаа дараа жагсаал цуглаан хийж буй ахмадуудын төлөөлөлтэй шинэ Засгийн газарт улиран ажиллахаар болсон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уулзжээ.
Тэрбээр, тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1 сая 404 мянган төгрөг байгааг 2 сая 400 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх тооцооллыг хийж, шаардлагатай 353.8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсвийн тодотгол эсвэл ирэх жилийн улсын төсөвт тусгуулахаар Засгийн газарт танилцуулахаар бэлтгэснээ дуулгав.
Мөн Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн төсөл, 2028 оны төсвийн хүрээний мэдэгдэлд холбогдох өөрчлөлтийг тусгах замаар 140 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг илүү шударга тогтоох нь салбар яамны нэн тэргүүний зорилт хэмээсэн юм.
Ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үүнд сайд Т.Аубакир байр сууриа илэрхийлэхдээ, ийм хэмжээний нэмэгдлийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт 4.6 их наяд төгрөг шаардлагатайг дурдсан юм. Гэвч улсын төсвийн хэлэлцэн батлах онцгой бүрэн эрх гагцхүү УИХ-д байдаг. Иймээс энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд улсын төсвийн боломж, нөхцөлтэй уялдуулан эцэслэх шаардлагатай гэлээ.
Тэрбээр мөн ахмад настнуудын дуу хоолой төр засгийн түвшинд хүрч байгаа бөгөөд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн дунд энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байгааг хэлсэн юм. Иймд нийгмийн даатгалын тогтолцоонд хийх эхний бодит алхам нь тэтгэвэр бодох орлогын дээд хязгаарыг 2 сая 400 мянган төгрөгт хүргэж, 140 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгах явдал гэж үзэж байна. Мөн ахмад настнуудад 15 сая төгрөг хүртэлх хүүгүй зээлийг гурван жилийн хугацаатай олгох асуудлыг судалж байна. Манай салбар яамнаас 2026 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж байгаа юм. Хөгшин, залуу гэхгүй хөдөлмөр хийе. Монгол Улсынхаа хаана ч ажил хийх боломж байна. Тэтгэвэрт гарлаа гэхээр даалуу тоглоод суух бус нэг мод тарьж, тэрийг нь урамшуулаад өгье. Настай хүн ч гэсэн бүтээлч байдаг. Ганцхан тэтгэврээ хараад суухгүйгээр нэмэлт орлого олох хэрэгтэй. Жижиг махны лангуу ажиллуулсан ч болно. Манай Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газарт ахмад настнуудад 15 сая хүртэлх сая төгрөгийг хүүгүй, гэхдээ эргэн төлөх нөхцөлтэй зээлийг олгох боломжтой. Тэтгэврийн итгэлцүүрийг нэмэгдүүлэх замаар өмнө нь хохирсон иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ.
Нөгөө талаас ахмад настнууд жагсаал, цуглаан зохион байгуулж буй нь ойлгомжтой ч үүний цаана нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл сулрах эрсдэл байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.3 сая орчим иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бөгөөд тэдний дунд хөдөлмөрийн насны иргэд, залуус, ирээдүйн тэтгэвэр авагчид багтаж байна.
Шимтгэлээ тогтмол төлж байгаа иргэдийн дунд “сүүлд нь бидний тэтгэврийг шударга бус тогтоох вий” гэсэн болгоомжлол үүсэх нь нийгмийн даатгалын санд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Гэсэн хэдий ч 2025 онд 20 гаруй мянган залуус шинээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн нь тогтолцоонд итгэх итгэл бүрэн алдагдаагүй, харин ч тодорхой хэмжээнд хадгалагдаж байгааг илтгэж буй эерэг үзүүлэлт хэмээн үзэж байна.





П. Лүндэн. Би ХААН банкнаас олон удаа бүтээн байгуулалт хийж байсан. Өндөр настай болсон ч хийе бүтээе гэсэн хүсэлтэй. 15 сая төгрөгний хүүгүй зээл зээлийн түүхийг хараад өгвөл маш сайн байна. НД-д суурилсан арилжааны төрийн цахим банк байгуулж зөвхөн ахмадуудад дээд тал нь 24 сараар бага хүүтэй батлан даагчтай хулгай хийх, хувьд ашиглах ямар ч боломжгүй арилжааны банк байгуулбал тэтгэврийн асуудлыг бүрэн шийдэж болмоор санагдах юм. Тэтгэврийн зээл бол ;биёэрээ: төлдөг мөнгө шаарддаггүй өгөөмөр зээл учраас л ахмадууд тэмцээд байгаа юм. Баярлалаа.