Өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарч, 6 газар дээрээ нас барсан. Тодруулбал, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан автобус Harreir маркийн машинтай мөргөлдөж, 6 хүн эрсэдсэн юм. Тэгвэл автобусанд зорчиж явсан 23 хүүхэд эсэн мэнд байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.
Боловсролын ерөнхий газраас “Оюун ухааны академи, Дорнод, Хэнтий аймгийн Боловсролын газрын удирдлагуудтай холбогдож мэдээллийг авч байна.
Автобусанд зорчиж явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар ханган, холбогдох анхны тусламж үйлчилгээг сумын нэгдсэн эмнэлэг шуурхай үзүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна” гэх мэдээлэл өгсөн. Тэгвэл өчигдөр орой Оюун ухааны академиас “Өнөөдөр Монголын оюун ухааны академийн Дорнод гэрээт салбарын тамирчид маань Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцоод буцах үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осолд орсон.
Хүүхдүүд маань Жаргалтхаан сумын эмнэлэгт анхан шатны эмнэлэгт үзлэгт хамрагдсан бөгөөд хүнд, бэртэл гэмтэл азаар байхгүй байна. Гэхдээ яг одоо Хэнтий аймгаас нарийн мэргэжлийн эмч, цагдаа дахин үзлэг хийж Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д шинжилгээнд хамруулах гэж байна. Бид ГССҮТ-ийн Удирдлагад “Мэдэгдэл” хүргүүлж хамтран ажиллаж байгаа бөгөөд шуурхай бэлэн байдалд шилжин хүүхдүүдийг маань хүлээж авахаар бэлдэж байна” гэх мэдэгдлийг гаргажээ.




