"Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь" хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн их сургууль хамтран “Монгол Эрдэнэ” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд өнөөдөр Соёл судлалын ухааны доктор (Ph.D) М.Энхбаатар Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй сэдвээр, СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) С.Энхнаран Гэр бүлийн орчин дахь Үндэсний соёл сэдвээр аймгийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагчид болон Сайнцагаан сумын төрийн үйлчилгээний албан хаагчдад лекц, уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун төслийн хүрээнд сар бүрийн эхний долоо хоногийн баасан гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон зарласныг онцлов. Мөн “Монгол эрдэнэ” төслийн хүрээнд зохион байгуулж буй соёл, урлагийн олон талт арга хэмжээ нь үнэ төлбөргүй болж байгаа тул нийт Дундговьчууддаа гэр бүлээрээ хүрэлцэн ирж үзэн, гэр бүлийн уур амьсгал, үнэ цэнийг нэмэгдүүлэхийг уриалсан юм.




