CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2 цагийн өмнө • 1м унших

МАН-ын 31 дэхь даргад нэр дэвшигч Н.Учралын тавьсан илтгэлийг хүргэе. 

МАН-ын мянга мянган гишүүд, журмын нөхөд өө!

Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос хуран цугласан, МАН-ын XXXI Их хурлын хүндэт төлөөлөгчид өө!

Ардын нам жинхэнэ ёсоор Ардын нам байж, шат шатны сонгуульд хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсээр ирсэн, ялалтын их хүч болсон Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Та бид алдарсан итгэлийг ахин олж авч, Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ гэж нүүр бардам хэлж,  алдааг оноогоо хэлэлцэн тунгааж, тулсан бэрхийг туулж давах  эрс өөрчлөлт шинэчлэлийн их үйлсийг эхлүүлэхээр эх орныхоо өнцөг булан бүрээс энэ танхимд хуран цуглаад байна.  

Ардын нам ард түмнийхээ зүрхэнд эргэн ирлээ гэж итгэл төгс хэлэх тэр өдрийн төлөө, 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ, Орон нутгийн сонгуулиудын амжилт, ялалтын төлөө хуран цуглаад байна.     

Ардын намын 300 гаруй мянган гишүүний нэг Ням-Осорын Учрал би ч Та бүхэнтэй Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ гэж итгэл дүүрэн хэлэхээр  энэ индэрт зогсож байна.

Ардын нам унасан ч босдог нам, Ардын нам уруудсан ч өгсдөг нам. Ардын нам тулсан бэрхийг туулдаг нам. Ардын нам учирсан сорилтыг давдаг нам. Ардын нам  тусгаар тогтнолын түүхийг туулж бүтээсэн, эх орон, ард түмнийхээ түүхэн захиалгаар үүсэн байгуулагдсан нам гэдгээ ахин нэг удаа батлахаар энэ танхимд хуран цуглаад байна.

Эрхэм журмын нөхөд өө!

Ардын хувьсгалыг удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулах шийдвэр гарган хэрэгжүүлсэн Анхдугаар Их хурал, олон намын систем, ардчилсан төрийн тогтолцоо, чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжихээр эргэлт буцалтгүй шийдвэрлэсэн 1990 оны МАХН-ын Онц Их хурал зэрэг манай намын гучин удаагийн Их хурал бүр улс орныхоо хөгжлийн түүхэн өөр өөр үе шатны бодлогыг тодорхойлж, монголчуудын сэтгэл зүрхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ.

МАН-ын үе үеийн гишүүд оройлон манлайлж, эх орныхоо тусгаар тогтнолыг амь, биеэрээ хамгаалж, хөгжин дэвжсэн БНМАУ-ыг урлан бүтээснийг хойч үе нь болсон бид мартах учиргүй. Чухамхүү намын үе үеийн  олон зуун мянган гишүүд эх орон, ард түмний төлөө ариун цагаан хөдөлмөрөө зориулж, үзэл санаа, үйлс зорилго нэгтэй зүтгэж, тэмцэж, бүтээн байгуулсны үр дүнд МАН ард түмний нам болон бэхжин төлөвшсөн юм. Ард түмний энэ их хүндлэл, итгэл үнэмшил, дэмжлэгийн ач буянаар Ардын нам ардчилсан шинэчлэлт, өөрчлөлтийн энэ он жилүүдийн дийлэнх хугацаанд эрх баригч нам байлаа.  

Монгол Ардын намыг үе, үед удирдаж түүхэн цагийг хугацаандаа тод мөрөө үлдээн, улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Монгол ардын намынхаа 31-р их хуралдаа оролцож буй МАН-ын даргаар ажиллаж байсан Гомбожавын Очирбат, Бүдрагчаагийн Даш-Ёндон, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Миеэгомбын Энхболд, Санжаагийн Баяр, Сүхбаатарын Батболд, Өлзийсайханы Энхтүвшин, Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэгвийн Амарбаясгалан нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж,  ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе!

Та бүхний түмэн олны итгэлийг үл алдан зүтгэсэн цаг хугацаа, бүтээсэн үйл хэрэг, үлдээсэн үнэт өвөөр МАН-ын гишүүд бид бахархаж хүндэтгэж явдгаа илэрхийлье.

Харин өнөөдөр бид ард түмнийхээ энэ их итгэл найдварыг идэвх зүтгэлээр хариулж чадаж байгаа эсэхээ тунгаан хэлэлцэх хэрэгтэй цаг үетэй тулж ирээд байна.

МАН-ын ээлжит Их хурал манай ард түмний анхаарлыг онцгой их татаж байна. Биднийг намынхаа бодлого, үйл ажиллагаанд улс төрийн оновчтой зөв дүгнэлт хийж, үүсээд буй асуудлуудыг уламжлал, шинэчлэлд тулгуурлан шийдвэрлэж чадна гэж ард түмэн итгэж хүлээж байна. Намын үндсэн дүрмээ “Улс төрийн намын тухай” хуулийн зүйл, заалт бүрд нийцүүлэн, бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр зорилтдоо олон улсын нийтлэг жишиг, улс төрийн шинжлэх ухааны онол, практикт нийцсэн нэмэлт, өөрчлөлт оруулан, шинжлэх ухаанч шинэчлэлт, өөрчлөлт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа манай намын гишүүд, дэмжигчид илэрхийлсээр байна.

Намын 31 дэх их хурлын 2255 төлөөлөгч Та бүхэн Их хурлаараа хий зайгүй ажиллаж, МАН-ын даргыг шударгаар сонгож, үүрэгт ажилд нь оруулж, ард түмний алдарсан итгэлийг дахин сэргээх үүргийг ахин оногдуулна  гэдэгт итгэл төгс байна.

Ардын нам үзэл санаа, үнэт зүйл, шударга ёс, улс орны язгуур эрх ашиг дээрээ эвлэлдэн нэгдэж чадах уу? гэж ард түмэн анхааралтай гярхай ажиглан харж байна. Намын хэргээ төрийн хэрэг болгосон хэрүүл талцлаа дуусга, авлига, хулгайтай тэмц, өөрсдөөсөө эхлэн шударга ёсыг тогтоо, арван жил засаглалаа, амьдрал олигтой өөрчлөгдсөнгүй гэж иргэд бухимдаж байна. Ардын намын 300 гаруй мянган гишүүн Та бидний зүгт ард түмэн итгэлээ үл таслан, чих тавин харж байна.

Цэл залуу 23 насандаа Монгол Ардын намд элсэж, намын үүрийн дарга, дүүргийн намын хорооны дэд дарга, хотын намын хорооны хэлтсийн дарга гээд анхан шатнаас эхлэн, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө зүтгэсэн, ажил амьдрал, алдаа оноо, амжилт ялалт бүхэн минь Ардын намтай салшгүй холбоотой.

Арван зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Ням-Осорын Учрал би энэ танхимд олон арваараа суугаа намын анхан шатны байгууллагын төлөөлөл, журмын нөхөд та бүхэндээ мэндчилж байна. Би Тантай адил анхан шатанд гишүүдтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, амьдралын бодит үнэнийг танин мэдэж, ажиллаж эхэлснээрээ бахархаж явдаг. Би, Та, бид бүхэн  цахилгаан шатанд суугаагүй, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө зүтгэсэн Ардын намын олон мянган гишүүдийн нэгээхэн хэсэг.

Нийслэлийн намын хороонд хэлтсийн даргаар ажиллаж, намын дунд шатыг тойрч гаралгүй туулж ажилласнаараа би бахархдаг. 2015 онд Монгол Улсын шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 10 жилийн дараа өөрөө Шадар сайдаар томилогдон энэ албыг хашна гэж бодож явсангүй. 29 насандаа УИХ дахь намын бүлэгт ажиллаж байхдаа жилийн дараа УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэж ч төсөөлөөгүй. Ардын нам бол ахмад үеийнхнийхээ алтан сургаал дор залуу үе нь бэлтгэгддэг, дунд, залуу үе нь ачаа үүрч ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээнд оршдог амьд организм болсон улс төрийн ууган хүчин.

Энэ танхимд сум, дүүргийн намын хорооны дарга, дэд дарга, гишүүд олон байна. Та бүхэнтэй адил анхан шатанд, Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар ажиллаж, ардын намын гишүүдийнхээ дунд байж, албан тасалгааны цонхоор амьдралыг өрөөсгөл харахгүй, асуудлын бодит үнэнтэй нүүр тулдаг нь миний, бидний давуу тал.

Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан, их хотын голт зүрх болсон Сүхбаатар дүүрэгт улс төрийн сонгуульт албууд хашиж, танхимд суугаа олон дүү нар, үе тэнгийнхэнтэйгээ адил намын дэргэдэх залуучуудын байгууллагын эгнээнд орж, 2015 оны эвдрэл талцал дундуур анд нөхөдтэйгөө хамт туучин, 2019 онд “Нийгмийн Ардчилал“ Монголын Залуучуудын холбооныхоо “Эвийн хүчээ нэгтгэе” хэмээх уриан дор зохион байгуулагдсан их хурлаар холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Үеийн олон нөхдөө үлгэрлэн манлайлж нэгэн үзэл баримтлал, үнэт зүйл дор нэгтгэж 2023 онд холбооныхоо үзэл баримтлалыг тодотгон “Социал демократ” Монголын залуучуудын холбоо хэмээх шинэхэн нэрийг түмэн олонд хүргэн таниулж, Соц Интерний залуучуудын холбооны жинхэнэ гишүүн байгууллага болгож, Азийн социал демократ залуучуудын чуулганыг эх орондоо зохион байгуулж тив, дэлхийд намынхаа залуучуудын байгууллагыг тунхаглан зарласан түүхэн цагийг бид хамтдаа бүтээсэн.

Би унаж босож, уруудаж өгсөж, тулаад ирсэн бэрхшээлийг туулж давсан хүн. Амьдрал ямар их амттайг, амьдралын үнэ цэнийг туулсан зовлонгоороо тулж мэдэрсэн хүн. Энэ амьдралд дахин төрсөн минь учиртай, энэ амьдралд эргэн ирсэн минь ч утгатай. Зовлон жаргалаа хуваалцаж, анхаарал халамж тавьж, тэтгэврээсээ илүүчилж, цай, хоол барин ирж, цагаан сүүгээ өргөсөн ард түмэн, ардын намын гишүүд, дэмжигчид та бүхнийхээ сэтгэлийн их хүч, сайныг билэгдсэн ерөөл дор энэ амьдралд би эргэн ирсээн. Та бүхэндээ би сэтгэлийн их өртэй. Ардын намаа ард түмнийхээ зүрх сэтгэлд эрүүл саруул, ил тод, цэвэр, шударга, дотоод ардчилалтай, хариуцлагатай улс төрийн хүчин болж эргэн ирэхийн төлөөх эрс шинэчлэлд мэддэг, чаддаг бүхнээ зориулах сэтгэлийн их өртэй.  

Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс нэр дэвшин 3 удаа сонгогдож, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байна. Хал үзэж, хат сууж, халуун чулуу барьж, туршлагатай улс төрч гэж үнэлэгдэх замыг минь нээж, боломж олгосон намын гишүүд Та бүхнийхээ бүрэн итгэлийг бүтэн зүтгэлээр хариулах сэтгэлийн их өртэй.

Эрхэм журмын нөхөд өө,

Хүндэт төлөөлөгчид өө,

Би Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Монгол Ардын намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” сэдвээр түүхийн ухааны магистр, ОХУ-ын ШУА-ийн Монгол, Түвд, Будда судлалын институтэд “Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсад хүлээн зөвшөөрсөн нь” сэдвээр” түүхийн ухааны докторын зэргийг хамгаалсны хувьд Хорьдугаар зууны тусгаар тогтнолын түүх бол Монгол Ардын намын түүх хэмээн үздэг.

Тусгаар тогтнолын түүхээ судлах тусам мэдэж, мэдэх тусам Монгол Ардын намын үүрсэн ачааны хүнд, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээсэн түүх, цаашид ч хүлээх хариуцлага, утга учрыг улам бүр ухамсарласан.

ДЭЛХИЙН МОНГОЛ УЛС: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ

Үе үеийн эх орончид халуун амь, бүлээн цусаа зориулж эрхэмлэж яваарай хэмээн захиж үлдээсэн улсынхаа тусгаар тогтнолыг эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлах нь өнөөдрийн бидний хүлээсэн үүрэг мөнөөсөө мөн.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд Монгол улс Эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө тулгамдсан сорилтыг туулах арга замаа “Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэмжиж болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж Улсын Их Хуралд танилцуулсны хувьд ирэх он жилүүдэд улсынхаа тусгаар тогтнолоо эдийн засгаар бататган бэхжүүлэх өрнүүн их зорилт байна.

Гадаад нөхцөл байдал сорилт, бэрхшээлтэй байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, олон туйлт хүчний тогтолцоо рүү шилжин, эдийн засаг, технологи, аюулгүй байдлын огтлолцол геополитик, гео-стратегийн гол хүчин зүйл болон өргөжиж байна. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази тив руу шилжиж, бүс нутгийн ДНБ-д эзлэх хувь 2000 оноос хойш 35%-с 47% болон өсөж, дундаж өсөлт 4.5%-д хүрсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.  Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ өнөөдөр стратегийн гол талбар болоод байна. 2030 он гэхэд хиймэл оюун ухааны салбарын хэмжээ 1.8 их наяд ам.долларт хүрч, 2035 он гэхэд хагас дамжуулагчийн хэрэглээ хоёр дахин, ховор металлын хэрэглээ гурав дахин, эрчим хүчний хэрэглээ 15% өснө гэсэн таамаг дэлхийн өрсөлдөөний чиг хандлагыг улам тодорхой болгож байна.

Ийм цаг үед манайх шиг жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд бид гадаад орчныг өөрчлөх боломжгүй ч, түүнд хэрхэн бэлэн байхыг өөрсдөө шийдэж, эдийн засгийн дархлаагаа сайжруулах шаардлагатай.

Манай улсын эдийн засаг өнөөдөр эмзэг, хараат, төвлөрсөн бүтэцтэй хэвээр байна. Гадаад худалдааны 70 гаруй хувь, экспортын 90 хувь нь зөвхөн нэг улсаас хамаарч, эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэг нь, түлш шатахуун 100 хувь импортоор худалдан авч байна. Монгол айл өрхүүд хүний гар харж, гэрэл дулаанаа айлаас авдагтай адил нөхцөлд байна.

Эдийн засгийн төрөлжилтийн индексээр дэлхийн 145 орноос 139-т бичигдэж, үндсэндээ нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гэсэн цөөн төрлийн түүхий эдэд түшиглэсэн хэврэг бүтэцтэй болсон нь үнэ өсөхөд хэрэглээгээ тэлж “найрлаж”, үнэ унахад “бүсээ чангалж” хямардаг мөчлөгт баригдсан байдалд олон жил дороо эргэжээ. Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна.

ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦЭЭ ЭРҮҮЛ БОЛГОЁ

Эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэхийн суурь нь экспортын төрөлжилт, экспортын төрөлжилтийн үндэс нь эрдэс баялгийн төрөлжилт юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор чухал ашигт малтмалын эрэлт 2030 он гэхэд гурав, 2040 он гэхэд дөрөв дахин өсөх бөгөөд зэсийн эрэлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ эрэлт өсөлтийн давалгаанд Монгол Улс зөвхөн түүхий эд олборлогч байх бус, зэс, нүүрс, алт, уран, газрын ховор элемент зэрэг эрдсийн олборлолт, баяжуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж, түүнтэй уялдсан үйлчилгээ, технологийн бүс нутгийн тоглогч болох бүрэн боломжтой.  Энэ боломжийг бодитой болгохын тулд бид геологи, хариуцлагатай  хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, уул уурхайн биржийн үйл ажиллагааг бэхжүүлэх, улам  бүр төгөлдөржүүлэх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, шуурхай болгох нь хайгуулын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх гол нөхцөл болно.

Тиймээс бид Улсын Их Хурлаар батлагдсан, Монгол Улсын Засгийн Газар  Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээний жишгээр дараа дараагийн төслүүдэд ашгаас ногдол ашиг хүртдэг загвараас татгалзаж, борлуулалтын орлогоос шууд үр өгөөж хуваарилж Үндэсний баялгийн сан, иргэний хуримтлалын дансыг арвижуулдаг, эрсдэл–үр өгөөжийн шударга, ил тод түншлэлийн шинэ зарчим руу шилжих нь зүйтэй.

Аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр аймаг, сумандаа бага үлддэг нь уул уурхай, эрдэс баялгийн салбарыг тойрсон олон маргаан, эсэргүүцлийн нэг нь юм. Нутаг орныхоо үүцийг ашиглуулчхаад үр өгөөж нь оногдохгүй байгаа цагт орон нутгийн иргэдийг уул уурхайг эсэргүүцлээ гэх нь өөрөө утгагүй.

Өмнөговь шиг, Дорноговь шиг татаасгүй аймаг олон болохын үндэс нь татвар төлбөрийг нь Улаанбаатарт татаж авчрахаа болихоос эхэлнэ. Аймаг, орон нутаг Улаанбаатар руу гүйдэг биш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнхөө дийлэнхийг авч үлдэх нь орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг тэлж, нэгдсэн төсвөөс хараат байдлыг бууруулж, нийгэм эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх үндсэн гарц юм.

Бид хариуцлагатай хайгуул, хариуцлагатай уул уурхайг дэмжиж, анхдагч экосистемийн тэнцвэрийг хадгалан, харилцан үр өгөөж хүртдэг загварыг тууштай дэмжих ёстой.

Манай орны хөгжлийн стратеги нь уул уурхайн салбараас орж ирэх орлогод суурилан уул уурхайн бус, өөрийн орны онцлог давуу талд суурилсан салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох явдал юм.

Эрүүл, тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм.

Гадаадын банкны салбар, нэгжүүдийг нээснээр өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлнэ. Банкны реформыг эрчимжүүлж, жилийн дундаж хүүг аажмаар бууруулж дэлхийн жишиг рүү ойртуулна. Дэлхийд байхгүй өндөр зээлийн хүүгийн дарамтад монголын бизнес эрхлэгчид, ард иргэд ажиллаж амьдарч байгаа нь үнэн билээ.

Санхүүгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хөрөнгө оруулалт татна. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, хөрөнгийн биржийг 100% нээлттэй компани болгож, менежментийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын орлогыг өсгөх бодлого баримталж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөтгөнө.

Хөдөө аж ахуйн салбарт зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулдаг хязгаарлалт, хоригийг шат дараатайгаар халж, экспортыг аливаа хэлбэрээр хязгаарлахгүй байх бодлого баримтална. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт төрийн дэмжлэг, төсвийн татаасыг эцсийн үр дүнд чиглүүлж, өгөөж өндөртэй, хэмжигдэхүйц үр дүн гаргадаг, зорилтот үр дүнд хүрээд зогсоодог “exit strategy”-тэй өрсөлдөхүйц салбар болгоно оо.

Уул уурхайн бус экспортыг дэмжихийн тулд ЕвроАзийн чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсан шигээ бусад улс орнуудтай байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийнхээ цар хүрээг өргөтгөж, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрэх гарцыг нэмэгдүүлнэ.

Нүүдэлчдийн хосгүй ёс заншил, уламжлал, түүх соёлын давтагдашгүй үнэт өв, унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн үзэсгэлэнт газар нутаг бол бидний үнэт өв билээ.

Аялал жуулчлалын салбарт бид тооноос илүү чанарт анхаарч, экологийн даац болон эдийн засгийн үр өгөөжийн оновчтой тэнцвэрийг баримтлан “high end” сегментийн жуулчдыг татах бодлого баримтална. Бидний зорилго бол манай улсад ирсэн жуулчид нэг удаа ирээд буцдаг биш, ахин дахин ирэхийг эрмэлздэг, найз нөхдөө урьдаг уриалдаг, өөрөө Монголын соёл, байгаль, зочломтгой занг сурталчлагч, элч төлөөлөгч болохуйц дурсамж, туршлагыг бий болгох явдал юм.

Мэдээллийн технологийн хөгжил дэвшилд Монгол залуус бусдыг дагах биш дагуулж болдгийг нотлон харуулсаар байна. Үүний үр дүнд монгол хүний ур ухаан шингэсэн дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, бизнес ганц нэгээр биш, хэдэн арваар тоологдох болсон. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Мэдээллийн технологийн  бүтээгдэхүүн нь  тээвэр логистикийн нэмэлт зардал шаарддаггүй тул далайд гарцгүй, үйлдвэрлэл хязгаарлагдмал, экспортын барааны нэр төрөл бага манай улсын хувьд  эдийн засгаа солонгоруулах томоохон боломж юм. Тус хуулиар мэдээллийн технологийн бүс байгуулж, орон зай цаг хугацаанаас үл хамааруулан компани байгуулах боломжийг олгож, виртуал бүсэд байгуулагдах компаниудыг татвараас чөлөөлнө.

Сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр, олон улс, бүс нутаг, хөрш орны түвшинд хамтран ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох чиглэлийг тууштай баримтална.

Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, суурилагдсан хүчин чадалд эзлэх хэмжээ 7.1 хувь байгааг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг 30% хувиар бууруулна. Швейцар, Сингапур улстай байгуулсан гэрээгээ баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүч, хөрс бэлчээр зэрэг хүлэмжийн хийн шингээлтийн боломжоо ашиглаж, карбон кредитийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулна.

Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хуулийг санаачлан батлуулсан.

Ард түмний босгосон амьдралыг мөрий бооцоонд тавьдаг, чимээгүй тахал болсон цахим мөрийтэй тоглоомыг хориглосноор  жилд гадаад руу урсаж буй 500 сая ам.доллар буюу та бидний 1.3 сая хүүхдэд олгодог мөнгөнөөс ч их хяналтгүй гадаад валютын гүйлгээг таслан зогсоолоо. Цаашид хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно.

Улс орны эдийн засгийг автомашинтай зүйрлэвэл хөдөлгүүр нь хувийн хэвшил, түлш нь хөрөнгө оруулалт, хүрэх цэг нь хөгжил, зорчих зам нь зах зээл, шударга дүрмийг тодорхойлж, түүнийг алагчлалгүй сахиулагч, хамгаалагч нь төр өөрөө байх ёстой юм.   

Хөгжингүй орнуудын сайн туршлагаас харахад хувийн хэвшил нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, инновацын гол хөдөлгөгч хүч байсаар байна.

Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд эдийн засаг дахь төрийн оролцоо төсвийн тэлэлтээр дамжин тасралтгүй нэмэгдэж, 2018–2019 онд нийт нэрлэсэн ДНБ-ий 29 хувьтай байсан төсвийн орлого 2024 онд 37 хувь хүртэл тэлсэн нь төр эдийн засгийн амьсгалах орон зайг хэт их булаан авсны бодит илэрхийлэл юм. Олон улсын валютын сангийн тооцооллоор хөгжиж буй орнуудын дундаж үзүүлэлт ердөө 26 хувьтай байхад Монгол Улсад төрийн оролцоо хоёр дахин өндөр байна. Хэт төвлөрсөн энэхүү загвар нь зах зээлийн эрүүл өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын урсгал, инновац, хувийн хэвшлийн өсөлтийг боомилж, эдийн засгийн боломжийн өртөг асар өндөр болоход хүргэж байна.

Эдийн засагт томоохон компаниудын гүйцэтгэдэг үүргийг бид үнэлэх ёстой. Том компаниуд экспортын суурийг бүрдүүлж, татварын орлогыг нэмэгдүүлж, олон мянган ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт хийж ирсэн нь Монголын эдийн засагт оруулж буй тэдний хувь нэмэр мөөн.

Нөгөөтээгүүр хүчтэй, хүртээмжтэй уян хатан эдийн засгийн үндэс суурь, амьд эд эс нь жижиг дунд бизнес билээ. Хөгжингүй улс орнуудад шинэ ажлын байрны 70-80 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид  бүрдүүлж, инновац, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг бий болгодог.

Тиймээс бид зах зээл дэх төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжиж, хувийн хэвшилд өргөжин тэлэх орон зайг бодитоор нээх шинэчлэлээ эхлүүллээ. УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого нэрлэсэн ДНБ-ий харьцааг 2026 онд 31.2 хувь, 2027 онд 29.3 хувь, 2028 онд 28.2 хувь болгон бууруулах зорилт тусгагдсан нь төрийн оролцоо багасаж, зах зээлийн боломж улам өргөжихийн эхлэл боллоо.

Төсвийн нийт зардал ДНБ-ий харьцааг 2028 он гэхэд 28.6 хувь болгон бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөлийг бий болгоно.

Хувийн өмч хөрөнгийг хурааж нийгэмчлэх, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон, эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж буй 110 хууль, нийт 378 хуулийг хиймэл оюунд тулгуурлан илрүүлсний гох дэгээг энэ хуулиар тайлах болно.  Өмчлөх эрх баталгаагүй бол өсөж дэвжих тухай ойлголт байхгүй. Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглоно.

Төр зөвшөөрөл нэртэй хориглолтын төвлөрсөн, олон шаттай хана хэрэм босгосон байна. Гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт, батламж гэх мэт зүсээ хувиргасан элдэв төрлийн хориглолт, хүнд суртлын системийг нурааж, чөлөөтэй бизнес эрхлэх, өөрийнхөө хүчээр өнөөдрөөсөө илүү сайхан ирээдүйг өөрсдөө бий болгох боломжийг нээнэ. Төр аж ахуй эрхлэх нь тээврийн цагдаа том даргын цувааг татах гэж бусад урсгалыг нь гацааж зогсоодогтой адил. Үйл ажиллагаагаа мэдэгдлээ илгээгээд эрхэлдэг, зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг, 120 энгийн зөвшөөрлийг төр биш мэргэжлийн холбоод олгодог болно.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын онож хэлсэнчлэн “Залж авчраад заамддаг, урьж авчраад урдаг” явдлыг таслан зогсоож байж хөгжил ирж, эдийн засгаа чөлөөлнө.  Хөрөнгө оруулалт бол зөвхөн хөрөнгө мөнгө биш. Хөрөнгө оруулагчид харийн дайсан биш. Хөрөнгө оруулалт бол дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар юм. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу  хийхгүйгээ мэддэг төр болж, гай биш зай болсон цагт эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулна.

Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгалын тогтолцоонд бодит шинэчлэл хийж, шударга болгоно.

Татварын тогтолцооны өөрчлөлт бол эдийн засгийн эрх чөлөөнд ногоон гэрэл асаах үндсэн гарц юм. Тэлэхээс өөр зүг мэддэггүй төсвийг хазаарлах нь хүн бүрийн цалин орлого, данс түрийвчинд хуруугаа дүрж үнэгүйдүүлэгч инфляцын дарамтыг буулгах давхар зорилготой.

Татвар төлөгчдийн бааз суурийг тэлж, төлдгөө нэмж дарамтлах биш нийтээрээ төлдөг шударга системд шилжинэ. Татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоодог байдлыг өөрчилж, ялгаатай татварын дэглэмийг арилган, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тэгш нөхцөл бүрдүүлнэ. Татварын ачааллыг бууруулж, хөнгөлөлт чөлөөлөлтийг ил тод мөрдүүлнэ. Татварын хууль ёсны хөнгөлөлтөө эдлэх гэсэн биш хүндэрч чирэгддэгийг болиулна.

Хөнгөлөлт нь хүртэл хүндрэл болсон нь ачаа дарамт, алдаа завхрал юм. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид бүртгэлдээ үндэслээд хууль ёсны хөнгөлөлтөө шууд эдэлнэ. Хувийн хэвшил хууль ёсны хөнгөлөлтөө эдлэх гэж хөөцөлдөж гүйдэг, хуульчийн шалгалт өгөхөөс дутахгүй уншиж судлах албагүй. Эдлэх ёстой эрхээ эдлэх гэсний төлөө илүү үүрэг хүлээлгэдгийг таслан зогсооно.

Ажил хийгээд ч амьдарч болохгүй, ажил хийхгүй ч амьдарч болоод байдаг улс хэвээрээ үлдвэл эдийн засгийн эрх чөлөө “эргэн ирэхгүй”. Ажил олгож, цалин өгч, илүү урамшуулж үнэлснийхээ төлөө торгуулаад байвал хөдөлмөрийн үнэлгээ өсөхгүй.

Улсын Их Хурлын Гишүүний хувьд 2021 онд тэтгэж чаддаг тэтгэврийн хууль санаачилж байснаа ахин сэргээн амилуулж, хувийн тэтгэврийн сан үүсгэж хөгжих замыг чөлөөлөхгүй бол тэтгэврийн сан өөрөө тэтгүүлсээр, шимтгэл төлөгчөө шимдэг, ажилтай нэг хүн ажилгүй гурван хүнээ даах гээд нугардаг системийг өөрчлөх гарц нь зөвхөн төрийн биш хувийн даатгалын сан юм. Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжүүлснээр иргэд олон төрлийн сангаас тэтгэвэр авч ахмадууд маань  санхүүгийн эрх чөлөөтэй болох бололцоог бүрдүүлснээр 2030 онд тэтгэврийн хэмжээг ажиллагчдын дундаж цалингийн 35 хувьд хүргэнэ.

 

Эрхэм хүндэт төлөөлөгчдөө,

Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг нэр томьёо нидэр дээрээ төр ба хувийн хэвшлийн түлхэлт болсон байна. Төсвөөс бүгдийг санхүүжүүлэх боломжгүй тул гадаад, дотоодын компанийг өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад, Монголд хэрэгтэй юм хий гэж урьчхаад 3-5 удаа зөвшөөрөл олгож, жил гаруй шинжилдэг, эцэст нь шал өөр компани бүх ноу-хау, идей санаа, загвар дизайныг нь ашиглаад шалгарчихдаг байж болохгүй ээ.

Үүнийг нийгмийн дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ шаардахгүй, 3-5 биш нэг шат дамжлагатай, аймаг, сум, дүүрэг өөрсдөө бие даагаад шийдэх эрх чөлөөг нээж өөрчилнө.   

Данхар том төрөөс ухаалаг цомхон төрд шилжих нь эргэлтийн цэг. Төрийн албан хаагч 227 мянган хүн 1,4-2 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгааг тооноос чанарт шилжүүлэх нь иргэдийнхээ итгэлд эргэн ирэлт болно. Улсын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эмч багш зэрэг үйлчилгээний албан хаагчид 10-ын 7 нь байна.

Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 58 Үндэсний хороо, комисс, зөвлөлүүдээс 29-ийг татан буулгаж, нийтдээ төсвийн тодотголоор 2.2 их наяд төгрөгийн хэмнэлт хийж танаж цомхотгож буй бодлогыг илүү тууштай үргэлжлүүлж байж төрийн албанд чанарын эргэлт гарна. Чиг үүргийн хийдэл давхардлыг зураглан гаргах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод дорвитой шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх нь булуу хураасан даахгүй нохой шиг буруу зуршилд эргэлт хийнэ.  Алдаа гаргахаас эмээж, ажилласан жил тоолж суудаг бус бодит үр дүн, гүйцэтгэлд үндэслэсэн, нэмэгдлийн систем нэвтрүүлж, хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох эргэлтийн цэгүүд юм.

Миний бие Цахим хөгжил, харилцаа, холбооны сайдаар томилогдон ажиллахад төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системийг хөгжүүлэхэд онцлон анхаарсан. Эх орныхоо хаанаас ч И-Монголиа руугаа ороод гар утаснаасаа 1268 төрийн үйлчилгээ авна гэдэг нь саяхан итгэмээргүй зүйл байсан. И-Монголиа, хаанаас ч ойрхон 577 ХУРДАН цэг бол төр нь иргэнээ дууддаг биш, төр нь иргэндээ очиж үйлчилж болдгийг бодитоор харуулсан эргэлт юм.

Цаасан түгжээ болсон 109 хуулийг өөрчилсөн нь эдийн засгийн эрх чөлөөний төлөөх төрийн шийдэл болсон. 3 жилийн дотор 1000 гаруй компани байгуулагдаж, 400 мянга гаруй үйлчилгээ үзүүлж чадсан И-бизнес платформ бол эдийн засгийн эрх чөлөөгөө эдэлж, өөрийнхөө хөлс хүчээр хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртал, цонхноос цонх, байгууллагаас байгууллын хооронд бичиг цаас, чихэр набор бариад улаа эргэтэл явж болиулахын төлөөх цаг, мөнгө, цаас хэмнэсэн чөлөөлөлт, шийдлийн нэг. Хаана нууц байна, тэнд авлига нуугддаг.

Шил ажиллагаагаар бүх сангууд, газар олголт, тусгай зөвшөөрөл зэрэг 970 гаруй мянган мөр өгөгдөл мэдээлэл ил тод болгосон нь ардчилсан төрд ард түмний шууд шударга хараа хяналтыг тогтооход томхон алхам болсон гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэж бодож байна.

Цахимжилт бол цаасан хүнд суртлыг халах, хэнийг ч алагчилж мэдэхгүй хиймэл ухаан үйлчлэх авлигын эсрэг технологийн зэвсэг. Цахимжилт бол эрх мэдэлтний бодол биш их өгөгдөл, их өгөгдөлд үндэслэн шийдвэр гаргах шинжлэх ухаанч арга зам.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсыг 4 жилийн дотор цахим засаглалын индексээр 46 байр, цахим хөгжлийн индексээр 28 байр урагшлуулж, Дэлхийн Засгийн Газруудын дээд хэмжээний уулзалтаас Global Goverment Excellence Award   шагнал хүртсэн нь Та бидний хамтын амжилт болсон.    

Амжилтаа ахиулан бататгаж, авлигагүй, шилэн, цахим засаглалыг бэхжүүлэх нь эргэн ирэлтийн нэг тулгуур. Хаана юу болж байгааг бодит цагийн горим дээр хардаг цаасгүй засаг E-cabinet, эдийн засгийн эрх чөлөөний цонх болсон E-business-ээ хөгжүүлж, хувийн хэвшилд үзүүлэх төрийн үйлчилгээг 100 хувь цахим болгох, алганд багтсан төрийн үйлчилгээ E-Mongolia-г дараагийн шатанд гаргах зэргээр  хийснээсээ илүүг хийж байж, Та бид цахим түрүүнд бодлогыг бодит ажил, эргэн ирэлт болгож чадна.  

Цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлддөг “зуршлаараа” нэмж компани байгуулахыг бид хэрхэвч дэмжихгүй. Төрийн өмчит болон төрийн оролцоотой 80 компани байгаагийн 24 нь ашиг биш алдагдал үйлдвэрлэж байна. Төрийн компаниудын 30 хувь нь ашгийн төлөө биш алдагдлын төлөө болсон байна.

Хувийн хэвшил байсан бол аль хэдийн дампуурсан байх атал төрийн зуршлаар, ард түмний татварын мөнгөөр татуулж түлхүүлээд үлгэн салган өдөр хоног өнгөрөөхийн зэрэгцээ гүйх нохойд гүйхгүйн нохойн саад болж байна. Зарим талаар зардал нь захирлынх нь орлого, алдагдал нь удирдлагынх нь ашиг болсон нь нууц биш нууц. Хувийн хэвшил өөрөө өөрөөсөө хулгайлдаггүй. Төрийн өмчлөлөөс л төрөл төрлийн тооны машинд багтахаа ч байсан, баримжаа хэмжээ нь ч нисэж цойлсон авлига, хулгай, цавчаа шахаа гарч байгаа үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн нийтийн өмч бол өөрөө авлига, хулгайн үндэс шалтгаан. ТӨК-иудыг татан буулгана гэж нэг амаараа ярьсаар, нөгөө амаараа татаас өгч тэжээсээр төрийн өмч ноёрхлоо. Төр ахиж хувийн хэвшилтэй өрсөлдөх, сөргөлдөх, орон зай, зах зээл, ашиг орлогыг нь хаах нэг ч компани нэмж байгуулахгүй. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулиар эдгээр асуудлыг шийдвэрлэнэ. Бүх ТӨК-иудад олон улсын хөндлөнгийн аудит оруулж, нэгтгэхийг нь нэгтгэж, өөрчлөхийг нь өөрчилж засаглалыг нь сайжруулах зорилгоор нээлттэй хувьцаат компани болгоно. ТӨК-иудын худалдан авах ажиллагаанд хүн таньдаггүй, хувийн сонирхол гэж үгүй хиймэл оюун ухаан ашиглана. Төр өөрөө цаашид ТӨК-иудад зарлагын шинжтэй арга хэмжээ санхүүжүүлэхийг даалгахгүй. Уул уурхайн төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийн хувиас Үндэсний баялгийн санд ноогдол ашгийг нь  татан төвлөрүүлж зөвхөн баялгийн жинхэнэ эзэд болсон иргэдийнхээ И-Монголиа дээрх хуримтлалын дансны өгөөжийг нь арвижуулна.

Эрхэм журмын нөхөд өө,

Улсын хөгжлийн үндэс суурь нь эрүүл, эрдэм мэдлэгтэй,  тогтвортой ажил орлоготой иргэн билээ. Монгол улсын хүн амын дундаж наслалт нэмэгдсэн хэдий ч нэг хүнд ногдох үндэсний нийт орлого болон боловсролын түвшний индекст төдийлөн ахиц дэвшил ажиглагдахгүй байна.

Манай улсын хувьд, хорт хавдрын оношны 70 хувь нь хожуу үедээ илэрсэн тоо бүрийн цаана монгол хүний амь нас хувь заяа бий. Манай улс хорт хавдрын  үхэл, өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт орж байна. Үхэл амьдралын зааг дээрээс эргэн ирсэн, дахин төрсөн хүний хувьд “тэргүүлж байна, нэгдүгээрт байна” гэж хэлэхээс эмээж байгаа ч хэлэхээс өөр аргагүй байна.

Эрүүл мэндийн даатгалын сан өөрөө хүнд архаг хууч, өвчинд баригдсан. 279,3 тэрбум төгрөгийн өрөнд баригдаж шүүрэн шанага шиг болсон. Өнөөгийн энэ тогтолцооны гажуудлын эсрэг эрс шинэчлэл хийхгүй бол даах биш даалгадаг байдал өөрчлөгдөхгүй.

Эрүүл мэндийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар санхүүжилтийн болон төлбөрийн хяналтын менежментийг нь салгаж, хүн амын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан санхүүжүүлдэг, бодитой тариф тогтоодог, бие даасан хяналтын тогтолцоотой болгоно.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өвчилсөн хойно нь эмчилдэг бус эрт илрүүлдэг урьдчилан сэргийлдэг олон улсын жишигт нийцүүлэн зуршлыг хэвшлээр сольж, эрүүл амьдрах хэв маягийг түгээн, 21-р зуунд ахин нэг “соёлын довтолгоо” өрнүүлэх хэрэгцээ шаардлага их байна.

Эрдэм мэдлэгтэй иргэд бол монгол улсын баялаг, хөгжлийн нөөц юм. Урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд ирээдүйн иргэдийг бэлтгэх, өнөө бидэнд тулгамдаж буй сорилтуудыг давахад боловсролын салбарын үүрэг, хариуцлагыг шинээр харах шаардлагатай болжээ.

Боловсролын салбарын хувьд хот, хөдөөгийн ялгаа гүнзгийрч, боловсролын чанар, хүртээмжийн тэгш бус байдал үргэлжилж, анги танхимын хэт ачаалал, олон ээлжийн сургалт, дэд бүтцийн стандарт хангалтгүй байдал нь сурагчдын суралцах орчин, багшийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.

Бид сурагч бүрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрт хамруулж, чадварлаг багшаар заалгах орчныг бүрдүүлнэ. Алдарт Гүүгл компанийн салбарыг Монголд байгуулсан шигээ, Элон Маскын Старлинкийг Монголд нутагшуулж чадсан шигээ Монгол хүүхэд бүрийг технологийн дэвшил, дэлхийн хөгжлөөс хоцроохгүй байх зорилтыг хэрэгжүүлнэ.

Боловсролын салбарын хөгжил багшаас эхтэй. Багшийг хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлагчийн хувьд хуульд заасан туслах багшийг орон тоог бий болгосон зохицуулалтаа чандлан хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоо бүрдүүлж ур чадвараараа амьдарч чадах, дэлхийд өрсөлдөх монгол хүнээ бэлтгэхэд бодлогоо чиглүүлнэ. Багш нарыг хэрэгтэй хэрэггүй тайлан гаргах хэрэггүй хөдөлмөрөөс чөлөөлнө.

Хаана сурч байгаагаас хамаарсан чанарын ялгааг арилгаж, бүс нутгуудад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог бүрдүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг зөвхөн компанийн дэргэд байгуулж ажлын байраар хангах үүрэг хүлээлгэж их, дээд сургуулиудын шаардлагатай мэргэжлээр боловсролын зээлийн сангаас санхүүжүүлж төгсөгчдийг орон нутагт урилгаар ажиллуулах шинэчлэл хийнэ ээ.

Нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг дундаж давхаргын амьдралын чанарт ажилгүйдэл, дундаж орлого бага байгаа нь сөргөөр нөлөөлж, хүний хөгжлийн индексийн өсөлтийг удаашруулж байна. Өсөлттэй, хүртээмжтэй эдийн засгийн үндэс суурь нь тогтвортой ажил орлоготой иргэн юм.

Олон улсын судалгаанаас харвал дэлхий даяар эдийн засаг өргөжин тэлж байгаа ч баян ядуугийн ялгаа, орлогын тэгш бус байдал нэмэгдэж  дэлхийн хүн амын 1% нийт баялгийн талаас илүү хувийг эзэмшиж, харин хүн амын 50% нийт баялгийн 2-хон хувийг эзэмшиж байна. Цар тахал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол, тарифын дайн үнийг өрдөж, инфляцыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд нэмэлт дарамт болжээ.

2006–2020 онд 101 улсад 2,809 эсэргүүцэл, нийтийг хамарсан жагсаал цуглаан болсны голлох шалтгаануудыг эдийн засгийн асуудлууд өнгөлж байгаа нь хөгжлийн бодлогын зорилго эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээс гадна, тэр өсөлт хүн бүрд, айл өрх болгонд хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатайг онцолж байна.

Бид шууд хэрэглээг дэмжсэн, нэг удаагийн шинж чанартай бэлэн мөнгө тараахаас зайлсхийж,  хавтгайрсан  халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлж, аманд ч үгүй дусаадаг биш, бодитоор нийгмийн хамгаалал болж чадахуйц болгох болно.

Тогтвортой ажлын байр бүтээгч ажил олгогч эздийг дэмжих, бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог сайжруулах, гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ ээ.

Эрхэм журмын нөхөд өө!

Монгол Ардын Намын толгойлсон удаа дараагийн Улсын Их Хурал, Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засгийн асуудлыг цаг үе бүртээ амжилттай шийдвэрлэн ажиллаж ирснийг үгүйсгэх аргагүй.

Харин сүүлийн жилүүдэд бидний ололт амжилтын хажуугаар жижиг дунд үйлдвэрлэлийн, баялгийн, нүүрсний, ногоон автобусны, хөгжлийн банкны зэрэг хар дарсан зүүд мэт авлига, ашиг сонирхлын хэргүүдэд манай намын чамгүй олон нөхөд нэр холбогдож, баялгийн хараал, авлигын намагт улс, үндэстнээрээ шигдэх аюул ойрхон ирснийг нуун дарагдуулж, хаацайлан хамгаалах эрх хэнд ч байхгүй.

Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс алсарч байна. Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар мөн. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй.

Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд зөвшилцөл байх болно. Монгол ардын нам ардынхаа итгэл дээр тогтсон ёс зүйн өндөрлөг дээрээ байх ёстой.

Ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Шударга ёс биднээс эхлэх ёстой.

Та бид энэ Их хурлаараа Монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай.  

Эрхэм журмын нөхөд өө!

Их хурлын Төлөөлөгч, гишүүд ээ!

Манай намд олон жилийн туршид төлөвшсөн хүний нөөцийн бодлого алдагдсан, бүр алдуурсан байна. Монгол Ардын Нам төрийн өндөр албан тушаалд тохиолдлын улс төрчдийг гаргаж ирж байгаагүй. Төрд анхан шатны байгууллагаас нь эхлэн бэлтгэгдсэн, туршлагатай, институтийн түвшинд ажилласан, бодлого хэрэгжүүлж чаддаг, олон түмэнд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйтэй хүмүүсийг шат шатанд дэвшүүлэн ажиллуулдаг байсныг Та бүхэн сайн мэднэ. Намаас нэр дэвшүүлэх, улмаар бүх шатны албан тушаалд намаас томилогдох хүмүүст тавих шаардлага, шалгуур үзүүлэлт өнөөдөр байхгүй болжээ. Бид юуны өмнө ёс суртахуун, шударга ёсны өндөр шалгууртай байсаар ирсэн. Бидний эцэг эхээс эхлээд үе үеийн удирдах ажилтнууд ёс зүйтэй, хариуцлагатай, нэр цэвэр хүмүүс байсан.

Хүний суурь хүмүүжил, төлөвшил, улс төрийн соёл, хууль дээдлэх зарчмыг хэрхэн сахин биелүүлдэг нь шат шатны сонгуульт албан тушаалд сонгох, томилох, дэвшүүлэх амин чухал шалгуур болдог байсныг үе, үеийн намын удирдлагууд, ахмад үеийнхэн маань бидэнд сануулж байна.

Хүндэт гишүүд ээ,

Хүндэт төлөөлөгчид өө,

 

Монгол Ардын Нам бол өнгөрсөн түүхийн гүн суурь, өнөөгийн нийгмийн бодит шаардлага, ирээдүйн үеийн эрхэм зорилгын огтлолцолд оршин тогтнодог, үзэл санаа ба үнэт зүйлдээ тулгуурлан тасралтгүй шинэчлэгддэг амьд организм, үндэсний хэмжээний улс төрийн институт юм.

Өнөөдөр Монголын нийгэмд шинэ үеийн иргэдийн үнэт зүйл, хүсэл эрмэлзэл эрс өөрчлөгдөж, улс төрийн байгууллагууд илүү ил тод, илүү хариуцлагатай, илүү оролцоонд суурилсан байхыг шаарддаг шинэ байдал бодитоор бий боллоо. Энэ нөхцөлд Монгол Ардын Нам өөрийн дотоод ардчилал, хүний нөөц, засаглал, гишүүдтэйгээ харилцах хэлбэрээ шинэ цаг үед нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон байна.

Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг намын дотоод соёл, уламжлал хаачив гэж ахмад гишүүд маань асууж байна.

Ардын нам ардын л нам байх ёстой.

Иймээс бид бодлого, үйл ажиллагаагаа нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг дэвшүүлж байна.

“ГИШҮҮН ТӨВТЭЙ E-4” СТРАТЕГИ

1. EFFICIENCY — Ил Тод Байдал, Гүйцэтгэл,  Үр Ашиг

Энэ хүрээнд:

  • ENAM 3.0 платформыг нэвтрүүлж, их өгөгдөл, хиймэл оюунд суурилан шийдвэр гаргадаг дижитал нам шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Гишүүдийн эргэх холбоог сайжруулах, шийдвэр гаргалт, нөлөөллийн ажлыг цахим платформаар хийдэг, сошиал медиа, онлайн оролцоонд тулгуулан “доороос-дээш” чиглэсэн гишүүд, дэмжигчдийн харилцаа, хамтын ажиллагааны шинэ соёлыг бий болгоно.
  • Парламентад суудалтай намуудад улсын төсвөөс олгодог санхүүжилтийг төв намдаа татаж авах биш, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд суурилан хуваарилна.   
  • Намын санхүүжилт, хандив, хураамжийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд Санхүүгийн хяналтын хороо байгуулж, хандив, татвар хураамжийн зарцуулалтыг нээлттэй тайлагнадаг, тогтмол хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Намын удирдлагын эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, Бүсийн зөвлөлүүд байгуулан бүс бүрийн төлөөллийг Удирдах Зөвлөлд оруулж ажиллуулна.
  • Удирдах Зөвлөлийн дэргэд салбар бүрийн Байнгын хороод байгуулж Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол үнэлж, дүгнэнэ.
  • Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүлгийн удирдлагын зөвлөл байгуулж шийдвэр гаргалтыг уялдуулан, бодлогын нэгдсэн удирдлагаар хангана.

2. ETHICS — Ёс Зүй, Шударга Байдал, Хариуцлага

Энэ хүрээнд:

  • Ёс зүй, хариуцлагын онооны системийг нэвтрүүлнэ.
  • Намын гишүүний ёс зүйн нэгдсэн стандарт, шалгуур үзүүлэлт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
  • Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй
  • Намын ажлын туршлага, мерит тогтолцоог нэвтрүүлж “Анхан, дунд шатанд ажиллаагүй бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” шударга зарчмыг баримтална.

 

3. EMPOWERMENT —Манлайлал, Залгамж, Оролцоо

Энэ хүрээнд:

  • Намын бүх шатны байгууллагад гишүүдийн идэвх, оролцооны оноожуулалтын системийг нэвтрүүлж, оноонд суурилан улс төрийн дэмжлэг үзүүлнэ.
  • Намын дэргэдэх ТББ-уудын үүрэг оролцоог баталгаажуулж, CДМЗХ-ны дэргэд “Ирээдүйн нэр дэвшигчийг бэлтгэх 6P” сургалтын модуль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. СДМОХ-ны салбар зөвлөлүүдийг их, дээд сургуулиудын дэргэд байгуулна. СДМЭХ-ны дэргэд эмэгтэй улс төрчдийг бэлтгэх Үндэсний академи байгуулна. СДМАХ-ны дэргэд үе үеийн намын шат шатны удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөхүүдийн танхим байгуулж, ажил гүйцэтгэх гэрээгээр цалинжуулан ажиллуулна.
  • Намын гишүүд, дэмжигчдийн дунд сонирхлын бүлгүүд байгуулж, төлөөллийг бага хуралд урьж оролцуулна.
  • Тусгаар тогтнолын ордныг гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй, амьд орчин болгож тэдгээрийн санал, санаачилгыг хүлээн авах, хэлэлцэх, мэтгэлцэх талбар, оролцооны төв болгоно.

 

4. EQUITY - Эрх тэгш байдал, тэгш боломж, шударга ёс

Энэ хүрээнд:

  • Аливаа зөрчил, хууль бус үйлдлийг мэдээлэх суваг, өргөдөл гомдлын нэгдсэн системийг  бий болгож шүгэл үлээгчийг хамгаална.
  • Намын шат, шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангана.
  • Намын гишүүдийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхдээ жендерийн тэгш эрхийг хангаж, “жендерийн хариуцлагатай нам” болно.
  • 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны их хурал, орон нутгийн сонгуульд жагсаалтаар ба тойргоос нэр дэвшигчийг судалгаанд суурилан, дотоод сунгаагаа зарлаж, бодлогын мэтгэлцээн өрнүүлж шалгаруулна.

Эрхэм журмын нөхдөө,

Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс зорин ирсэн ХХХI их хурлын төлөөлөгчид өө!

Ардын намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч, анхны үндсэн хуулийн эх баригч Жамсрангийн Цэвээн “Улсын эрх” хэмээх бүтээлдээ улсын эрх бол ард түмэнд үйлчлэх үүрэг хэмээн бичиж байжээ. Өнөөдөр тэр санаа дахин үнэ цэнтэйгээр амилж байна. Төрийн үнэ цэнэ нь зөвхөн хууль, дүрэмд бус — ард түмний итгэлд оршдог ажээ. Улсын эрхийг хамгаалах нь эрх мэдэлд бус, иргэний ухамсарт оршино хэмээх түүний үзэл санаа өнөөдөр ч өнгө нь хуучраагүй байна. Өнөөдрийн “улсын эрх” бол ард түмний итгэлээс эх ундаргатай. Ардын нам ард түмэндээ эргэн ирэх үзэл санаа бол эрх мэдэлд бус, иргэдийн ухамсар, итгэл, оролцоонд тулгуурласан намыг бий болгох явдал юм.

Та бүхэн надад бүтэн итгэж, бүрэн хариуцлага үүрүүлбэл хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн нь байж улс эх орныхоо нэгдмэл үнэт зүйл, нийтлэг эрх ашгийн төлөө цуцалтгүй зүтгэх болно оо. Өнөөдөр бид үүнийг баталгаажуулж, 31-р их хурлаараа итгэлцлийн шинэ гэрээ байгуулж байна. Итгэлцэл гэдэг бол хариуцлага. Хариуцлага бол эрх үүргийн нэгдэл. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг хариуцлагатай, ёс зүйтэй гишүүдийн итгэл, дэмжлэг, үзэл санаа, үнэт зүйл дор монгол ардын нам ард түмэндээ ахин эргэн ирэх болно оо.

Ардын нам авлигыг сөрж эргэж ирнэ ээ.

Ардын нам ахмад, дунд, залуу үеийнхээ алтан хэлхээн дээр эргэн ирнэ ээ.

Ардын нам амьдралаас алсран тасарч намын гишүүдээ огоорч эргэх холбоогүй атлаа элдэв хоосон амлалт, хийрхлээр  түмнээ тэтгэхгүй.

Ардын нам эдийн засгийн өсөлтийг өрх бүрд авчирч бүтээснээсээ ихийг бүтээж хүн арддаа эрх чөлөөг бүрэн, дүүрэн эдлүүлэх хариуцлагатай улс төрийн хүчин гэдгээ ахин баталж эргэн ирэх болно оо.

Ардын нам ардынхаа зүрхэнд эргэн ирнэ.

Ардын нам мянга мянган гишүүд та бүхнийхээ итгэл дэмжлэг дор дахин сэрнэ ээ.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
У.ХҮРЭЛСҮХ: Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй
1 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ: АРДЫН НАМ АРД ТҮМЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ
2 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Намын даргад нэр дэвшигчид
3 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д. АМАРБАЯСГАЛАН: МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, нийгэмд талцал авчирсан
4 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Намын дарга хийнэ гэдэг хэцүү юм байна
4 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Я.СОДБААТАР:Ардчилсан нийгэмд төр ямар байх нь улс төрийн намын төлөвшлөөс ихээхэн хамаардаг
5 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ хар тамхины бүлэглэлтэй тэмцэх шинэ ажиллагаа эхлүүллээ
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
А.Ариунбат анх удаа өвлийн олимпод оролцоно
5 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого 15.9 хувиар нэмэгджээ
5 цагийн өмнө • 1м унших
Улс төр
МАН-ын XXXI Их хурал
5 цагийн өмнө • 1м унших
Улс төр
“Үндсэн хууль” зөрчсөн асуудлаар Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг эгүүлэн татна
21 цагийн өмнө • 2м унших
Сэдвийн мөрөөр
"365 анхаарч хайрлая" аян эхэллээ
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ерөнхий сайдаар ажиллаж байсан гэрчүүд
2025-11-13 • 1м унших
Эдийн засаг
ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД ДУУДАГДАХ 300 ХҮНИЙ НЭРИЙН ЖАГСААЛТ
2025-11-13 • 1м унших
Шууд
Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
2025-11-13 • 1м унших
Гадаад мэдээ
Gen-Z хөдөлгөөнийхөн хэлэлцээрийн төслөө Засгийн газарт хүргүүлжээ
2025-11-13 • 1м унших
Улс төр
ШИНЭ ШАДАР САЙД
2025-11-13 • 1м унших
Эдийн засаг
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сард болно
2025-11-13 • 1м унших
Эдийн засаг
Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
2025-11-13 • 1м унших
Шууд
Эмч нар ажил хаялт хийхгүй
2025-11-13 • 1м унших
Эдийн засаг
2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа
2025-11-12 • 1м унших
Улс төр
Б.Энхбаяр сайд тэрбум төгрөг авсан сэтгүүлчдийн нэрсийг зарлахаас цааргаллаа
2025-11-12 • 1м унших
Улс төр
МАН-ЫН ДАРГЫН СУНГААНААС П.АМАРБАЯСГАЛАН НЭРЭЭ ТАТЛАА
2025-11-12 • 1м унших
Сэдвийн мөрөөр
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг хуулийн байгууллагаас шалгана
2025-11-12 • 2м унших
Шууд
БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДИЙГ ТОДОРХОЙЛОХ ӨВЧИН ГЭМТЛИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛНА
2025-11-12 • 1м унших
Шууд
"Дахин тэвчихгүй" жагсаал
2025-11-12 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ АЙМГИЙН 5 ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2025-11-12 • 1м унших
Улс төр
С.Бямбацогт: Албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно
2025-11-12 • 1м унших
Эдийн засаг
Ж.ЧИНБҮРЭН: ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ ҮЕ ШАТТАЙГААР 75 ХУВИАР НЭМНЭ
2025-11-12 • 1м унших
Гадаад мэдээ
Хятадад хамгийн том цахим худалдаа эхэлжээ
2025-11-12 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх