Ховд аймагт болсон тендерийн хулгайн талаар манай сайт нэг жилийн өмнө хөндөж байсан.
Тэгвэл энэ удаад тус хэргийг эргэн сануулж сумдад спорт заал барих төсвийг хувьдаа завшиж лексус-570, 9911-тэй дугаар худалдан авч, үнэт эдлэл, эд баялагаар өөрийгөө эрхлүүлж яваа Б.Визаяа болон холбогдох албан тушаалтнуудыг өдийг хүртэл шалгаагүй АТГ болон бусад хуулийн байгууллагаас хариуцлага нэхэж байна.
Учир нь Ховд аймгийн Алтай, Дарви, Цэцэг сумдад спорт заал бариулах тендер зарлагдаж, эзэн нь ч тодорсон. Алтай сумын спорт заал 2022 оны 12 дугаар сард ашиглалтад орчихсон байх гэрээтэй ч хэдэн төмөр зангидаж босгосоноос хэтрэлгүй 2 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл сурагчид өнөөдөр спорт зааландаа хичээллэж өөрсдийгөө хөгжүүлэн эх орон, тив, дэлхийд нэрээ дуурсгах хүсэл мөрөөдөлдөө шамдах эрхийг нь Б.Визаяа гэгч хулгайлчихсан.
"Би Эм Жи Юу" компанийн захирал Б.Визаяа нь Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн хамаарал бүхий этгээд буюу хамаатны холбоотой. Эдгээр тендерүүдийг хууль зөрчин байж авсан, өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээлгүй өдийг хүрсэн гээд бүх зүйл нь Засаг дарга ахтай нь хамааралтай ажээ.
Бид баримт дээр тулгуурлан мэдээллийг нэхэн санууллаа. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.