Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас санаачлан “Ээлтэй ирээдүй” аяныг өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хүүхдийн тоглоомын талбайг дөрвөн бүсэд хувааж хяналт шалгалтын ажил зохион байгуулаад байгаа.
Энэхүү хяналт шалгалтаар Өнөр бүсийн 9 хорооны 50 зөрчлөөс 20 зөрчил арилгасан бол Толгойт бүсийн 10 хорооны 66 зөрчлөөс 8 зөрчил арилгаад байгаа аж. Мөн үлдсэн хоёр бүс болох Төвийн бүсийн 61 зөрчил, Баянхошуу бүсийн 58 зөрчил тус бүрээс 8 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.
Тодруулбал, ил задгай цахилгааны утас, траншейны тагийг янзалж учирч болзошгүй эрсдлийг бууруулсан байна.
Мөн цаашдаа “Ээлтэй ирээдүй” аяны хяналт шалгалтын үед илэрсэн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг холбогдох албан байгууллагуудад албан тоотоор мэдэгдэж шат дараалсан арга хэмжээг авахаар болжээ.