Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудыг оролцуулжээ.
Энэхүү Тусгай ажлын хэсэг авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийг төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд үүрэг болгов.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв.
Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдснийг онцлоод, нээлттэй, хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчит компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.




