Их Британийн хаан Чарльз өөрийн дүү, 65 настай Эндрюгийн "хунтайж" хэргэмийг хурааж, ордноос гарахыг шаардсан байна. Тодруулбал хааны дүү Эндрю Америкийн санхүүч, бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон Жеффри Эпштэйнтэй ойрын холбоотой байсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн аж. Сүүлийн үед Эпштэйний хэргүүд дахин сөхөгдөж, Эндрю түүнтэй холбоотой байсан нь нийтэд ил болсны дараа олон хүн түүнийг хааны гэр бүлээс гаргахыг шаардаж эхэлсэн юм.
Энэ сарын эхээр түүний "Йоркийн гүн" цол хэргэмийг мөн хураасан.
Харин Букингэмийн ордноос пүрэв гарагт гаргасан мэдээллээр Эндрюгийн хунтайж хэргэмийг мөн хурааж, цаашид түүнийг Эндрю Маунтбаттен Уиндсор хэмээн нэрлэх юм байна. Түүнийг хааны ордноос гаргаж, хувийн сууцанд нь нүүлгэхээр болжээ. Чарльз хааны энэ үйлдэл орчин үеийн Британийн хааны гэр бүлээс гарсан хамгийн хатуу шийдвэрүүдийн нэг болж байна.
Эпштэйний хохирогчдын нэг болох Виржиниа Жюфре хэмээх эмэгтэйн дурсамж ном худалдаанд гарч, Эндрю түүнийг өсвөр насанд нь хүчирхийлж байсан гэх мэдээлэл цацагдсан юм. Өмнө нь ч энэ мэдээлэл гарахад Эндрю үгүйсгэсээр ирсэн. Харин саяхан гарсан номын дараа уг хэргүүд дахин сөхөгдөж, олны анхааралд өртөж эхэлсэн. Уг номыг бичсэн эмэгтэй энэ оны дөрөвдүгээр сард амиа хорлосон.


 
             
             
             
             
             
            

