Шинэ дарга томилогдоод хамгийн түрүүнд багаа бүрдүүлж, халаа сэлгээ хийдэг. Түүний нэгэн адил ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн алба хаагчийнхаа аминд хүрсэн хурандаа Ж.Батзолбоог өөрийн багтаа багтаажээ.
Тодруулбал, 2025 оны долдугаар сард буюу одоогоос зургаан сарын өмнө Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад шинэхэн томилгооны тушаал авсан Ж.Батзолбоо хурандаа хээр архидаж, архи нь дуусангуут алба хаагчаа архинд явуулжээ. Улмаар архинд явсан алба хаагч автомашинтайгаа осолдож, сургуулиа төгсөөд удаагүй залуухан офицер амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг тас нууж орхисон.
Ийнхүү өөрийнх нь тушаалыг биелүүлж, архинд явсан алба хаагч нь амиа алдчихаад байхад гэмших өчүүхэн сэтгэлгүйгээр ХХЕГ-ын Хүний нөөцийн даргын албан тушаалд томилогдсон тэрээр өдгөө дуртайгаа халж, дургүйгээ дарамталдаг нэгэн болжээ.
Амаа нээвэл чамайг хална, тэтгэвэрт чинь гаргана гэж алба хаагч нараа дарамталдаг болсон Ж.Батзолбоо хурандаа долоо хоногийн өмнө ангийн захирагч нарын зөвөлгөөн, цугларалтаар архи ууж, агсамнаж, “Хүний нөөцийн даргын нударганы амтыг үз” хэмээн омогтсон ажээ.
Угтаа бол хариуцлага хүлээж, өөрөө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой хүн тушаал дэвшиж томилогдчихоод тангараг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж яваа алба хаагчдыг дарамтлах нь хэр зохистой вэ Ж.Бямбасүрэн генерал аа.




