Өчигдөр Италид эхэлсэн Их Долоогийн бүлгийн удирдагчдын дээд чуулганаар Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс $50 тэрбумыг Украины тусламжид зарцуулах шийдвэр гаргажээ.
2022 оны хоёрдугаар сард Украины газар нутагт эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний дараа Их Долоогийн бүлгийн гишүүн орнууд болон Европын Холбоо өөрийн банкуудад байрлаж байсан Оросын Төв Банкны хөрөнгө болох $325 тэрбумыг битүүмжилсэн юм. Энэ хөрөнгөөс одоо жил бүр $3 тэрбум орчим хүүгийн орлого бодогдож байгаа.
Украинд үзүүлэх $50 тэрбумын зээлийн эргэн төлөлтийг дээрх хүүгийн орлогоор төлж барагдуулахаар Их Долоогийн удирдагчид төлөвлөжээ. Ихэнх хэсэг нь Бельги улсад байрлаж буй уг хөрөнгийг шууд бусад улсад зарцуулах боломж олон улсын гэрээгээр хориотой тул ийнхүү хүүг нъ ашиглахаар болж байна.
Өмнөд Италийн Пуглиа хотод үргэлжилж буй чуулганы үеэр болсон хамтарсан хэвлэлийн хурал дээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Энэ мөнгийг Украины төлөө зарцуулж, Путинд бид ухрахгүй гэдгээ дахин сануулах болно. Ноён Путин бидний ухрахыг хүлээж чадахгүй, тэр биднийг хагаралдуулж чадахгүй. Украиныг энэ дайнд ялах хүртэл бид хамт байх болно” гэж мэдэгдсэн байна.
Чуулганд урилгаар оролцож буй Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тууштай дэмжиж буй холбоотнууддаа талархал илэрхийлжээ.
Энэ үеэр бас АНУ, Украин улсууд 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Уг гэрээний дагуу урт хугацаанд АНУ-аас Украинд зэр зэвсгийн болон сургалтын тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Гэхдээ Вашингтон цэргийн хүчээ Украинд илгээх нөхцөл уг гэрээнд тусгагдаагүй юм.
Гэрээг байгуулсны дараа Зеленский “Энэ бол түүхэн өдөр юм. 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Украин болон АНУ-ын хооронд хамгийн хүчирхэг гэрээ байгуулагдлаа” гэж мэдэгджээ.
Оросын хөрөнгийг Украинд зарцуулах шийдвэр гарснаас хойш хэдхэн цагийн дараа ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова үүний хариуд “онцгой хатуу” арга хэмжээ авахыг анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC