Богд Зонховын дүйчэн буюу Зулын 25 арванхоёрдугаар сарын 14-ний ням гарагт тохиож байна. Зулын 25-ны өдрийн талаар Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр, Өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны энэ өдрийг монголчууд эртнээс тэмдэглэж ирсэн. Энэхүү өдөр нь Манзушир бурхны хувилгаан хэмээн алдаршсан Богд Зонхова ламын дүйчэн өдрийг дурсан хүндэтгэх онцгой өдөр юм.
Манзушир бурхан бол билиг оюуны бэлгэ тэмдэг бөгөөд амьтны тусын тулд хүний дүрээр бууж мэндэлсэн нь Богд Зонхова лам хэмээн үздэг. Мөн оюун ухааныг хөгжүүлж, билиг төгөлдөр болохын бэлгэдэл болгон зул өргөдөг уламжлалтай. Зулын гэрэл харанхуйг арилган гийгүүлдэгтэй адил бэлгэшээж, мунхгийн харанхуйг тайлж, оюуны гэгээ, ухааны гэрлийг дэлгэрүүлэхийг ерөөж зул өргөдөг нь энэхүү өдрийн гүн утга юм.
Тус хийдийн Бурхан сангийн лам М.Ганхуяг, Зулын 25-ны өдөр Гандантэгчэнлин хийдэд Богд ламын чого, Сандуй тэргүүтэй номыг хурна. Энэ өдөр сүсэгтэн олон ачит багш нарын ачийг санаж бурхан шүтээндээ зул өргөж, маань мэгзэм уншвал хэмжээлшгүй ихээр арвидна.
Мөн дээл хувцсаа өмсөөд хүрээ хийдэд зорин ирж, ном хуруулдаг, хурал номд даган баясаж буян хийдэг сайн өдөр юм. Хүрээ хийдэд ирж амжихгүй бол гэртээ зул өргөж, цагаан хоол идэж, сайхан үг хэлэлцэж, хангай дэлхийдээ сүү идээний дээжийг өргөвөл сайн. Энэ өдөр хийсэн буян ном хэмжээлшгүй ихээр арвиддаг.




