Ерөнхийлөгч Дональд Трамп дор хаяж 1 сая ам.доллар төлөх боломжтой чинээлэг гадныханд АНУ-ын визийг түргэн шуурхай олгох шинэ хөтөлбөрийг эхлүүлжээ. “Энэ карт нь шаардлага хангасан бүх хүмүүст шууд АНУ-ын иргэншил авах замыг нээж өгнө. Маш сэтгэл хөдөлгөм байгаа биз. Америкийн агуу компаниуд эцэст нь өөрсдийн үнэт ажиллах хүчээ тогтоон барих боломжтой боллоо” хэмээн Трамп сошиал сүлжээндээ бичжээ.
Энэ жилийн эхээр анх зарлагдсан "Trump Gold Card" нь АНУ-д “үлэмж ашиг” авчрах чадвартай гэдгээ нотолж чадсан хүмүүст олгох визийн төрөл хэмээн онцолж байв.
Уг хөтөлбөр нь Вашингтон цагаачлалын хатуу бодлогоо улам эрчимжүүлж, ажлын визний төлбөрийг нэмэгдүүлэх, бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах ажиллагааг эрчимжүүлж буй үед нэвтрүүлж буйгаа онцлог юм.
Ажилтнаа ивээн тэтгэж буй компаниуд 2 сая ам.доллар болон нэмэлт төлбөр төлөх шаардлагатай. Мөн татварын тусгай хөнгөлөлттэй “платинум” хувилбар удахгүй 5 сая ам.долларын үнээр худалдаанд гарна гэж албан ёсны сайт дээр бичжээ.
Эх сурвалж: BBC





