ХҮН намын ээлжит VIII Их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Өнөөдрийн хурлын эхэнд ХҮН намын дарга Т.Доржхандыг намын даргаар улираан сонгох асуудлыг хэлэлцэж 91.7 хувийн саналаар түүний бүрэн эрхийг дөрвөн жилээр сунгасан юм. Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг намын генсекийн ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг удирдан, намын бусад бүтцийн байгууллагуудтай уялдуулан чиглүүлж ХҮН намаа Үндэсний хэмжээний нам болгон хөгжүүлэх, Шинэ үеийн дэвшилтэд нам болгон бэхжүүлэх, Төр засгийн ачаа үүдэг нам болгон төлөвшүүлж, намын дотоод ардчилал, хамтын шийдвэрүүдийг бэхжүүлэх зэрэг үндсэн зорилгуудаа намын нийт гишүүд болон бүх шатны байгууллага, журмын нөхдийн хамт амжилттай хийж хэрэгжүүлжээ.
ХҮН нам өнөөдөр болсон ээлжит Их хурлаараа намын даргаа улираан сонгож, үндсэн дүрмээ баталлаа. ХҮН намын дүрмийн төслийн шинэчилсэн найруулгын үндсэн зорилго нь намыг инститицийн хөгжлийн хувьд дараагийн шатанд гаргаж төлөвшүүлэх, үүний тулд намын бүх шатны байгууллага, удирдлагын эрх мэдэл, үүрэг хариуцлага, шийдвэр гаргах үйл ажиллагааг тодорхой болгох, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангахад oршино гэв.
Намын дүрмийн хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгүүд нь зөвхөн дүрмийн заалт дээр санал солилцохоос гадна намын дотоод зөв соёлыг хэвшүүлэхэд онцгой ач холбогдол өгчээ. Үүнд:
1. Асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэх, хамтын шийдвэрийг дагаж мөрддөг соёлыг хэвшүүлэх,
2. Намын дүрмийн хэлэлцүүлэгт гишүүдийг олноор оролцуулж, дүрмийн өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдээллийг сайн өгөх, дүрмийн хэлэлцүүлэгт гишүүд өөрийн бодол, саналыг нухацтай бодож гаргах, үүний үр дүнд жинхэнэ утгаар ХҮН намын гишүүдийн зөвшилцөж боловсруулсан “Намын дотоод үндсэн хууль”-тай болох,
3. Нийтээрээ зөвшилцөж баталсан дүрэм, журмыг намын бүх шатны байгууллагууд, намын удирдлага, гишүүд ягштал мөрддөг даргын биш “Дүрэм журмын засаглалтай” институцийн соёлыг төлөвшүүлэх эхлэлийг тавих зэрэг болно.
Түүнчлэн Т.Доржхандыг намын даргаараа улираан сонгосон бол өөрийн хүсэлтээр намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн П.Ганзоригийн оронд 97 хувийн саналаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тэрбээр өмнө нь 2020-2024 онд БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Харин 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Боловсролын сайдаар П.Наранбаяр томилогдсоны дараа зөвлөхөөр нь томилогдон ажиллаж ирсэн юм.




