Саудын Арабын Янбу хотод автомашины олимп гэгдэх алдарт “Дакар ралли-2026” уралдаан эхэллээ. 48 дахь удаагийн уралдаанд оролцогчид нийт 8000 км замыг туулах бөгөөд Янбу хотоос Янбу гэсэн чиглэлээр эхний өдрийн уралдаан өчигдөрболсон байна. Энэ удаагийн “Дакар ралли”-д Монгол Улсаас гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар оролцож байгаа юм. Нийт 14 хоног үргэлжлэх уралдааны эхний өдөр нийт 527 км замаас уралдааны цаг тооцох 305 км зам нь чулуу, элс, хатуу шороон гадаргуутай зам байжээ. Тодруулбал, нийт замын 70 хувь нь хайрга, 16 хувь нь элс, 8.0 хувь нь чулуу, 4.0 хувь нь элсэн манхныг туулсан байна.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд гавьяатын хувьд 305 км замыг 3:51:45 цагийн амжилтаар нийт 120 тамирчнаас 33, “Ралли-2” төрөлдөө 20 дугаар байрт барианд оржээ. Харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 50, Ралли-2 ангилалдаа 35 дугаар эзэлжээ.
Уралдаан Янбу хотоос өнөөдөр буйраа сэлгэж Алула хотын зүг хүлгийн жолоо зална. Хоёр дахь өдрийн уралдааны зам нийт 504 км байх бөгөөд үүнээс 104 км нь суурингийн зам юм.
Тэгвэл уралдааны үндсэн замын 400 км аж. Замын 49 хувь нь хатуу шороо, 23 хувь нь элсэрхэг, 28 хувь нь чулуун хад асга байхыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан мэдээллээ.






