Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлдэг зарим аж ахуйн нэгжийн хэт монополчилсон, ёс зүйгүй үйл ажиллагааны талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун шүгэл үлээжээ. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлдэг монопол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг анхаарахгүй бол зах зээлийг хэт монополчилж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж байна” хэмээн нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тодруулбал, "Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тухайн тоног төхөөрөмж нийлүүлдэг компани энэ жилийн тендерт бүрэн шалгараагүй" гэх шалтгаанаар дөрвөн жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бөөрний диализийн аппаратад засвар үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, сэлбэг хэрэгслийг худалдахгүй байгаа аж. Гэтэл тухайн маркын аппарат болон сэлбэгийг зөвхөн нэг л аж ахуйн нэгж нийлүүлдэг нь бодит байдал дээр илт ноёлох, хамаарал үүсгэсэн байдалд хүргэж байгаа юм. Үүний улмаас дөрвөн аппаратаас ердөө гурав нь ажиллаж, бөөрний дутагдалтай өвчтөнүүд шөнө 1–2 цаг хүртэл дараалал үүсгэн ээлжилж эмчлүүлэх нөхцөл байдалд хүрээд байгаа аж.
Бөөрний диализийн аппарат нь бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөний амь насыг хадгалах, өдөр тутмын амьдралыг үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай эмчилгээний төхөөрөмж. Гэтэл ийм чухал тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэгийг тендерийн үр дүнтэй холбон хязгаарлаж, өвчтөнүүдийг хясан боогдуулж буй нь тухайн аж ахуйн нэгжид эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм тариа нийлүүлэх ёс зүй байна уу гэсэн асуултыг тавихад хүргэж байна.
Шүгэл үлээгчийн хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын Ерөнхий байцаагчаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр эл хүнд суртал, давуу талаа ашиглаж ард иргэдийг хохироож буй үзэгдлийг зах зээлд ноёлох байр сууриа урвуулан ашигласан, хэрэглэгчийг хясан боогдуулсан, Өрсөлдөөний тухай хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа гэж дүгнэж буйгаа ч нүүр номоороо дамжуулан илэрхийлсэн байна.
Ямартай ч Дундовь аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хувьд уг асуудлаар Эрүүл мэндийн яаманд албан бичиг хүргүүлсэн ба хариу иртэл хүлээзнэж, Монополын эсрэг байгууллагад хандаагүй байгаа бололтой. Гэвч иймэрхүү байдал хаа сайгүй хавтгайрч, өвчтөнүүдийг хясан боогдуулах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж буй нь нууц биш. Тэр ч утгаараа Монополын эсрэг байгууллагад албан ёсоор гомдол гаргаж, хуульд заасан арга хэмжээг авахуулах эрх нь нээлттэйг эл компанийнханд сануулахад илүүдэх юун. Эцэст нь тэмдэглэхэд, тендерийг хэн нэгэнд зориулж зарлах, хэн нэгнийг заавал шалгаруулах хууль Монгол Улсад байхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамны тендер шалгаруулдаг эрх мэдэлтнүүдэд эдгээр их зантай, давуу эрхээ дархан эрх гэж ойлгосон хамтрагчдадаа сануулж, хуулийн дагуу хурдан шуурхай ажиллахгүй бол арга хэмжээ авна уу хэмээн үг дайя.Түүнчлэн давуу эрхээ дархан эрх хэмээн андуурсан компанийн талаар эрэн сурвалжилж эргэн мэдээлэхээ ч дуулгая.




