УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2023 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
- 2024 он болон ирэх жилүүдэд тухайн жилүүдэд санхүүжигдэх төсөв нь төсөвт өртгөөс 30 хувиас доошгүй байна.
- Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний, 2 их наяд төгрөгийн санхүүжилтийн асуудал үлдэж байна.
- Бид Төсвийн тухай хуулин дээр хариуцлага, сахилга батыг сайжруулах тал дээр хоёр зүйл заалт оруулж өгч байна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд кодлогдоно.
- Шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх 2024, ирэх жилүүдэд тавих тохиолдолд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд, барилга бүтээн байгуулалт, эсвэл тодорхой хэмжээний ажил үйлчилгээ хийж байгаа бол тухайн жилдээ энэ асуудал нь дуусдаг байх асуудлыг тавьж байгаа юм. Гурван жилийн хугацаанд тухайн ажил үйлчилгээ дуусдаг байна гэсэн үг.
- Энэ жилийнх шиг тодорхой, магадгүй өнгөрсөн жилийн үүссэн Covid-19-ийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг асуудлыг хязгаарлах, зохицуулах эрх зүйн орчныг хийж өгөх асуудлыг тавьж байна.
- Төсвийн тухай хууль дээр төрийн үйлчилгээний байгууллагуудад өөрсдөө орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалт хийж өгч байна.
- Улсын төсөвт ачаалал үүсгэж асуудал бол зээл тусламж, түүний хүүгийн татаас байна. Энэ жилийн хувьд аваад үзэхэд, зөвхөн гадаадын зээл тусламжтай холбоотойгоор татааст 1.5 их наядын санхүүжилт гаргахаар байгаа юм. Мөн 1.8 их наядын гадаад зээл, тусламж зарцуулна.
- Иймд хяналтыг сайжруулах заалтууд оруулж өгч байна.
- Гадаад зээл тусламжтай холбоотой бодлого дээр тодорхой эрх зүйн орчин бий болгох үүднээс өнөөдөр байхгүй байгаа бодлогыг нь хуульчилж оруулж өгнө.
- Өнөөдөр гадаадын зээл тусламжийн бодлого Сангийн яаман дээр мөрдөгдөж буй журмын хэмжээнд явж байна. Тэр журам мөрдөгдөхгүй, амьдралд хэрэгжихгүй зохицуулалт зөндөө байна.