МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12.00 цагт цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаар хуралдахаар болжээ. Ингэхдээ Бодлогын зөвлөл буюу үе үеийн намын дарга, намын удирдах алба хашиж байсан хүмүүсийг цуглуулж, өргөтгөсөн байдлаар хуралдахаар болсон гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содбаатар мэдээлэв. Тэрбээр "Удирдах зөвлөл хуралдаад бүлэгт ямар нэгэн чиглэл өгөхгүй. Улс төрийн нөхцөл байдал, эмч, багш нарын ажил хаялт, шатахууны тосны зохиомол хомсдол, Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа цаг үеийн тодорхой асуудлыг хэлэлцэж, санал солилцоод ямар гарц гаргалгаа гаргахаа ярина.
Ерөнхий сайдын асуудал Цэцийн дүгнэлт гараад эцэслэгдлээ. Тиймээс энэ асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэхгүй.
УИХ дахь намын бүлэг УИХ-ын тухай хуулийнхаа дагуу тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өөрөө шийдвэрээ гаргах ёстой.
МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа. Бага хурлыг даргаласан дарга нар тэр бичгээ явуулах ёстой ч одоогоор тийм бичиг яваагүй байна. Их хурлаар намын даргыг баталгаажуулах зүйл байхгүй. МАН-ын дүрэмд, намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болно гэж заасан. Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны ггишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана" гэлээ.




