Өнөөдөр /2025.10.28/ Засгийн газар ээлжит бусаар хуралдан Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг дахин томилов.
Дахин гэж тодотгосны учир Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед буюу 2020 онд ЦЕГ-ын даргаар Ж.Болд томилогдож байв. Тэр үеэр Батхүү агсаны хэрэг гараад хагас жилийн хугацаа өнгөрсөн ч илэрч, шийдэгдээгүй тул онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг Х.Баттулга тусгайлан захиж байлаа.
Нөгөөтэйгүүр цар тахлын үеэр цагдаагийн байгууллагыг удирдаж байсан түүний хөрөнгө орлогын мэдүүлэг жил дараалан өссөнийг Авлигатай тэмцэх газрын сайтаас харж болно. Орлого, мал, газар, хадгаламж гээд бүгд өсөлттэй байсан түүнийг тойрох хэл ам тасрахаа болих үед арга буюу эрүүл мэндийн шалтгаанаар 2023 онд ажлаа өгч байлаа.
Энэ дундаас нэг анхаарал татах мэдээлэл бол “Женкотур бюро” ХХК-нд 2841 ширхэг хувьцаа эзэмшдэг гэх мэдээлэл юм. Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, чингисийн өргөн чөлөө, Баянгол зочид буудал 204 тоотод байрлах тус компани нь гадаад худалдаа, бэлэг дурсгалын зүйлийн худалдаа, хүнс, ахуйн хэрэглээний барааны худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх захирлаар нь Баттулгын Намуун ажилладаг ажээ.


