Засгийн газраас боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, үүнтэй холбоотой гомдол, мэдээллийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл орж ажиллах юм.
2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд юм.
Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлаар гомдол, мэдээллээ ирүүлэхийг иргэдэд уриалж байна.