“Уул уурхайн 7 хоног-2025” олон улсын чуулга уулзалт Налайхад ид өрнөж байна. Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: “Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор болж буй уг чуулганыг олон усын хөрөнгө оруулагчид анзаарч буй нь лавтай. Учиргүй ажиглахгүй байгаа ч анзаарч байж таарна гэх гээд байна л даа. Улсын маань Ерөнхий сайд Г.Занданшатар “ энэхүү арга хэмжээ зөвхөн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт төдийгүй Монгол Улс болон олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын хамтын аижллагааны шинэ боломжийг нээх стратегийн чухал платформ, индэр юм. Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Цаашид зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт”, “Тогтвортой хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна гэж ирээд л чухам уянгалав.
Яг үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлийн хурал зарлав. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон.
Өөрөөр хэлбэл “Гурвыг цогцоор” гэх худлаа нэр өгч, УИХ-д өргөн барьсан. УИХ үүнийг хэлэлцэж баталсан. Санаатайгаар муу гэрээ байгуулах бололцоо олгосон. Хоёрдугаарт сорчилсон буюу хамгийн сайн нүүрсээ 55 хувь байхаар заалт оруулсан, харин хамгийн хямд нүүрсээ 10 хувьд тооцсон байна. Бид ганц гэрээгээр нийт коксжсон нүүрснийхээ 40 хувийг зарж, 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ мөнгөөр Монгол Улсын эдийн засагт ашигтай төсөл хэрэгжүүлж болох байсан. Бид аль хэдийн дэлхийн хөгжлөөс хоцорсон байж ийм алдагдалтай гэрээ байгуулсан нь цэвэр луйвар юм. Энэ гэрээг нэн яаралтай засаж залруулах ёстой гээд мэдэгдчихлээ.
Хөрөнгө оруулалтын буюу тогтвортой байдлын гэрээ. Манайх шиг хууль эрх зүйн орчин нь тогтворгүй улсад энэ гэрээ угтаа бол хөрөнгө оруулагчдыг алдахгүй барина гэдэг утгаараа эерэг нөлөөтэй ч харамсалтай нь уг гэрээг дагасан маргаан, авлига газар авсаар байгаа нь хуулийг гууль болгож байгаагийн тод томруун жишээ болсон нь бодит үнэн.
Хэрэв гэрээний нөхцөлөөр хоёр тал урт хугацаандаа адилхан ашигтай байх боломжийг хангаж чадвал мэдээж олзуурхууштай аргачлал яах аргагүй мөн. Гэвч дадал ёсоор гурван талт тогтвортой байдлын гэрээг нэг талын захиалга давамгайлсан байдалтайгаар хийчихэж. Одоо тэр гэрээгээ орхиё, цуцлая, сайжруулъя гэж байна. Олон улсынхөрөнгө оруулагчид ч, угаасаа эд нар ингэдэг юм аа гэсэн байдалтай толгой сэгсэрч сууна. Уг нь маниуст хөрөнгө оруулагч чухам л хэрэгтэй байна. Гэвч “манайд ирээч” хэмээн мянгантаа далласан ч ирэхээргүй эвгүй нөхцөл байдал үүсчихлээ. Яалтай ч билээ...
З.УРСГАЛ