Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаж, Засаг даргаараа Э.Насанбатыг сонгож байсан бол өнөөдөр тус аймгийн Засаг даргын орлогчоор С.Анхбаярыг томилжээ.
С.Анхбаяр нь МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооны гишүүн юм. МАН дотор өнгөрсөн жилийн намар тамганы зодоон үүсч өндөр авахад тэрбээр МАН-ын Бага хурал, Их хурлыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардаж байв. Мөн МАН 2025 оны арванхоёрдугаар сард Бага хурлаа хийх үеэр “Шинээр сонгогдох намын дарга Засгийн газраа байгуулаарай. Нэгнийгээ намнахын тулд сайд тавьж байна ш дээ. Битгий сагаад байгаарай. Шударга байгаа бол дандаа шударга байгаарай.
Өрсөлдөх болохоороо битгий шударга дүр эсгэ, битгий ийм албин зальтай бай. Та нарын хүрээлэлтэйгээ нэгдэж, дураараа дургидаг асуудал намын нэр хүндийг гудамжинд унагааж байна. Женко гэдэг нүүрсний хулгайч хаачсан юм. Яагаад манай намыг гурав ялуулсан генсек нүүрсний хулгайч болсон юм. Яагаад бид зуухандаа нүүрс хийхээс өөр нүүрс хийгээгүй байж хулгайч болсон юм. PR чинь хэтэрч байна, энийгээ нэг талд нь гаргаарай.
Бага хурлын гишүүдээ аймгаасаа сонгоорой. Хэн нэгэн даргад таалагддаг, таалдагийн төлөө Бага хурлын гишүүн болоод тооноор орж ирээд дээрээс гаргахыг зөвшөөрөхгүй шүү.
Ингэдэгтээ тулж нэр оруулж ирвэл бид нар Их хурлыг чинь хаяж чадна, та нар УИХ-ыг хаядаг юм билээ. Бид нар энэ Их хурлыг чинь хаяна” гэж мэдэгдэж байсан удаатай.
С.Анхбаяр өмнө нь аймгийн Засаг дарга С.Батжаргал агсны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр цахим хуудаснаа "Аймгийн 100 жилийн ойг амжилттай зохион байгуулж, засаг төрийн ажлыг гуйвалтгүй хэрэгжүүлсэн ноён нуруутай ах, журмын нөхөр, хамтран зүтгэгчээсээ албыг нь хүлээн авлаа. Энэ бол улс төрийн шийдвэр байсан бөгөөд хувь хүн болон ажил албатай холбоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй" гэжээ.
Дашрамд, С.Анхбаярын хувьд улс төрийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хүн гэж яригддаг.




