Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.
Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл “Гурвыг цогцоор” гэх худлаа нэр өгч, УИХ-д өргөн барьсан. УИХ үүнийг хэлэлцэж баталсан. Санаатайгаар муу гэрээ байгуулах бололцоо олгосон. Хоёрдугаарт сорчилсон буюу хамгийн сайн нүүрсээ 55 хувь байхаар заалт оруулсан, харин хамгийн хямд нүүрсээ 10 хувьд тооцсон байна.
Бид ганц гэрээгээр нийт коксжсон нүүрснийхээ 40 хувийг зарж, 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ мөнгөөр Монгол Улсын эдийн засагт ашигтай төсөл хэрэгжүүлж болох байсан. Бид аль хэдийн дэлхийн хөгжлөөс хоцорсон байж ийм алдагдалтай гэрээ байгуулсан нь цэвэр луйвар юм гэдгийг ард түмэндээ хэлмээр байна. Хоёрдугаарт энэ гэрээг Харбинд байгуулсан нь учиртай. Монголын бүх муу гэрээ гадаадад байгуулагддаг.
Гуравдугаарт энэ гэрээг нууцалж байгаа шалтгаан юу вэ? Нүүрс худалдана гэдэг нууцлах зүйл биш шүү дээ. Үүнийг нууцалж байна гэдэг үүний цаана луйвар байна гэсэн үг. Гэрээг байгуулсан хүмүүс Хятадууд биднийг шахсан мэт зүйл ярьж байна. Гэтэл Хятадууд биднийг шахаагүй нь ойлгомжтой. Хэрэв эрх ашгаа бодоод чамбай гэрээ хийхийг зорьсон бол аргагүй үнэнд гүйцэгдээд Хятад улс бидэнтэй гэрээ байгуулах л байсан. Хамгийн чухал нь энэ гэрээг гүйцэтгэсэн буюу цаана нь байгаа хүн ил гарах ёстой. Тэр хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Б.Дэлгэрсайхан сайд өөрөө би зөвхөн төмөр замтай холбоотой асуудлыг хариуцсан гэж ярьж байна лээ. Тэгэхээр үүний цаана байгаа хүн бол Ц.Туваан. Мөн энэ асар алдагдалтай гэрээг УИХ-д оруулж, баталсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар хуйвалдааны нэг хэсэг. Үүнийг үнэхээр мэдэхгүй, тодруулахгүйгээр УИХ-аар ногоон гэрлээр баталсан нь үүний нотолгоо юм.
Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, ард түмнийг энэ асуудалд анхааран яаралтай засч, залруулахыг хүсч байна." гэлээ.