Энэ сарын 18-ны өдөр машинтай явж байгаад сураггүй болсон эмэгтэйн цогцос өчигдөр /2022.07.19/ Хэрлэн голын уснаас олджээ. Тодруулбал, Багануур дүүргийн онцгой байдлын газарт иргэн С автомашинтай явж байгаад алга болсон тухай дуудлага ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулжээ. Ингэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн 65 настай эмэгтэй С нь “Приус-20” загварын суудлын автомашинтай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт явж байгаад шаварт суусан гэх боловч машин нь эзгүй байжээ.
Улмаар аврагчид, эрэн хайх ажиллагааг эхлүүлж Хэрлэн голоор завьтай урсаж, явган болон автомашинаар нийт 40 км газар хайсны эцэст, эмэгтэйн унаж явсан машинаас 30 км зайнаас цогцсыг нь олсон байна.
Хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.