УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай холбоотой “Вертекс майнинг партнерс” компанийн асуудал сүүлийн өдрүүдэд газар авч байна. Хуулийн цоорхой ашиглаж улсынхаа дархан хил дээр нүүрс олборлолтын лиценз гаргуулж авсанаас эхлээд, Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн “барьцаа хөрөнгө” болсон тус уурхайн орчмоос хийсэн сурвалжлагыг CHECK.mn тун удахгүй мэдээлэх болно.
Гол нь, Х.Ганхуягийн гэр бүлийг тэтгэгч “мөнгөний мод” “Вертекс майнинг партнерс” компанитай холбоотой бүхэн Хилийн тухай хууль, дархан хилийн зурвас, газрын хөрс зэрэг хамгийн чухал асуудлуудыг хөндөж байгаа юм. Нөгөөтэйгүүр тусгай эрх, мөнгө санхүүгийн асуудалд нь нэр бүхий хүмүүс нөлөөлсөн.
Тухайлбал, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд нар ““Вертекс майнинг партнерс” компанитай холбоотой асуудалд нэр холбогдоод байгаа. Учир нь 2016 онд шинэчлэн баталсан Хилийн тухай хуульд тус компанийн хилийн зурваст давуу байдлаар ажиллах нөхцлийг бүрдүүлж өгчээ.
Мөн Хөгжлийн банкнаас зээл авах процесс, мөнгө санхүүгийнх нь тал дээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулгынх нь эхнэр Б.Алтанцэцэгийн нөлөөлөл ч их аж. 90 тэрбумын үнэлгээтэй компани 33 тэрбумын зээл авч, үйл ажиллагаандаа захиран зарцуулахад хамгийн гол үүргийг энэ хүн гүйцэтгэсэн гэх.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс өдгөө “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар ажилладаг эрхэм гишүүн бэр эгч болох Б.Алтанцэцэгээс ч тодруулга мэдээллийг хүргэх болно.