Улсын баяр наадмын бөхийн барилдааны үеэр “Начны найраа” хийхээр утас цохиж буй аймгийн орлогчийн бичлэг цацагдаж, олныг гайхшруулсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат Улсын заан Н.Жаргалбаяр руу "Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат байна. Манай аймгийн арслан Э.Нямааг авчих. Тоогоо хэл" гэсэн яриа олон нийтийн сүлжээнд тархаад байв.
Харин үүнийг Н.Энхбат эрс үгүйсгэж, Н.Жаргалбаярт мөнгө амлаагүй, утсаар яриагүй гэсэн байдаг.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Улсын заан Н.Жаргалбаяр болон утсаар ярьсан гэх Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай зарим эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Одоогоор энэ талаар мөрдөнгөөс бидэнд мэдээлэл өгөөгүй байна. Хэвлэлийнхэн өөрсдийнхөө сувгаар олж мэдээд, мэдээлсэн байх” гэх хариултыг өглөө.
Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр тэднийг шалгаж байгаа нь үнэн ажээ.
Нэхэн сануулахад, “Начны найраа”-гаа утсаар наймаалцаж буй энэ бичлэгийн дараа буюу тавын давааны ам авах үед Улсын заан Н.Жаргалбаяр 20-30 минут орчим бодсоны эцэст Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямааг амлан авсан байдаг. Улмаар барилдаанд аймгийн арслан Э.Нямаа улсын заан Г.Жаргалбаяраар тав давж, начин цолны болзол хангасан билээ.
БИЧЛЭГ