Хөвсгөл аймгийн хилийн бүсэд малын хулгай болон хил зөрчигчийн асуудал их гардаг. Тэр утгаараа нутгийн иргэд хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлж, хилийн цэргийн анги нэмж байгуулахыг хүсэмжилдэг байж. Үүнийг нь эрхэм гишүүн Л.Мөнхбаатар соргогоор мэдэрч, сайд Х.Нямбаатарт санал тавьснаар биелэлээ олох нь бололтой. Ямартаа ч хөрөнгө оруулалтыг нь шийдэж, шаваа тавиад авч.
Хамгийн гол нь энэхүү хилийн цэргийн анги нь штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байх юм. Байгууламж бодит ажил болчихвол хилчин дайчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжрах нь дамжиггүй.
Ташрамд хэлэхэд, Хөвсгөл аймагт байнгын ажиллагаатай нэг отряд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хилийн 1/8 хувийг дангаараа хариуцан ажилладаг. Түүнчлэн, Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад нийт 11 застав хил хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.