Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүг хоёр шинэ цолтон буюу улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай нар булаалдлаа. Ингээд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзлыг хангалаа.
Харин Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж, улсын арслан цолны болзол хангав.
Ховд нутгаас 82 жил түрүү бөх тодроогүй байсан ч ийнхүү О.Хангай Монгол Улсын 25 дахь АВАРГА боллоо.
Шинэ аварга О.Хангай нь 1990 онд төрсөн. 2017 онд Монгол Улсын Харцага цолны болзол хангасан. Аймгийн арслан цолтойдоо Сар шинийн барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн байдаг.
Харцага Б.Орхонбаяр 1998 онд төрсөн залуу бөх. 2018 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртээд, улмаар 2021 онд улсын харцага цолыг хүртсэн. Сүүлийн гурван жил цолоо тасралтгүй ахиулж байгаад, улсын баяр наадамд ийн түрүү бөхөд хүч үзсэн юм.
Энэ жилийн наадамд гарьдаас бусад бүх цолтон төрлөө.