Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажил, батлуулсан хуулийн гол зохицуулалтын талаар болон 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж буй зарим онцлох хуулийн төслийн талаар олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (2022.07.08) хийлээ.
Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, нийт 48 асуудлын хүрээнд 61 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоол батлуулсан байна. Тэр дундаа хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэн, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсныг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлж, зарим хуулийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулж Байнгын хорооны дарга хэлэхдээ, аливаа хуулийг шинэчлэн батлахдаа тухайн харилцаанд үүсээд буй хийдэл, зөрчлийг арилгахаас гадна иргэд олон нийтэд хүнд суртал, төвөг учруулсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ хуулийг баталснаар иргэдэд цаг хугацаа, мөнгөнөөс эхлээд учирдаг хүндрэлийг арилгах зохицуулалттай болсон. Иргэд оршин суух газрын хаягаа өөрчлөх тухай бүртээ харьяа дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлэн, цаасан тууз авч иргэний үнэмлэхдээ наадаг байсныг та бүхэн мэднэ. Хуульд өөрчлөлт орсноор тэр асуудлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг иргэний үнэмлэхний санах ойд хийгээд явна. Түүнчлэн, иргэний үнэмлэхний ил харагдах хэсэгт регистрийн дугаарыг байрлуулахгүй мөн цахим санах ойд байршуулна.
Улсын Их Хурлаас Цахим гарын үсгийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Одоо хүн бүхэнд цахим гарын үсгийг нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох зохицуулалттай боллоо. Үүнийг мөн иргэний үнэмлэхний санах ойд байршуулна. Иргэн бүр 25, 45 насанд иргэний үнэмлэхээ сольдог, тэгж солихдоо уг өөрчлөлтийг хийгээд явна. Түүнээс хуулийн өөрчлөлттэй холбогдуулан заавал шинээр ав гэж тулгахгүй, хүсвэл сольж авч болно гэлээ.