ХБНГУ-ын Берлин хотод болж буй Олон Улсын Өрсөлдөөний байгууллагуудын 21 дэх бага хурал болж байна. Төрийн хэмнэлтийн хууль баталж, хэмнэлтийг төр өөрсдөөсөө эхлүүлж байгаатай холбогдуулан тус хуралд ШӨХТГ-ын удирдлагууд цахимаар оролцож байна.
Олон Улсын Өрсөлдөөний сүлжээ /International Competition Network/ байгууллага нь 140 гишүүнтэй, дэлхийн хэмжээний өрсөлдөөний олон улсын байгууллага юм.
Тус байгууллага нь жил бүр уламжлал болгон олон улсын өрсөлдөөний байгууллагуудыг нэгтгэсэн бага хурлыг зохион байгуулдаг бөгөөд 21 дэх удаагийн бага хурал ХБНГУ-ын Берлин хотноо 2022 оны 05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн бага хурлаар цар тахлын дараах өрсөлдөөний бодлого, хуулийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэж, салбарынхаа ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болохын хувьд Олон улсын өрсөлдөөний /ICN/ байгууллагын гишүүн байгууллагаар 2005 онд элссэн бөгөөд тогтвортой хамтран ажиллаж байна.