УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.07.04/ хуралдаж, үнийн өсөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох газруудад чиглэл өглөө. Хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар үнийн өсөлтийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын мэдээллийг сонсов. Мэдээлэлтэй холбогдуулан бүлгээс дөрвөн чиглэлийг холбогдох сайд, дарга нарт өглөө. Нэгдүгээрт, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй, үнийг тогтвортойгоор барих, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний хангамжид анхаарах шаардлагатай. Засгийн газраас өгч байгаа мэдээллээр энэ жилдээ нефтийн хангамж тасалдуулахгүй гэж мэдэгдсэн.
Хоёрдугаарт АИ-92 шатахууны үнийг цаашид барих талаар анхаарах шаардлагатай гэж үзлээ. Засгийн газраас дизель түлшний үнийг тогтвортой барьж чадахгүй талаар хоёрдугаар сард мэдэгдсэн. Иргэд, хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун хэрэглэдэг. Тиймээс үнийг нь тогтвортой барих талаар онцгойлон анхаарах шаардлагатай.
Гуравдугаарт, Хүнсний бүтээгдэхүүний хангамж, тэр дундаа хил гааль, ложистикийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзлээ. Дөрөвдүгээрт, барилгын материалын үнэ, тэр дундаа цементийн үнийг тогтвортой барих талаар анхаарах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ “ гэв.