УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2022.05.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр " Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал юм.
Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улстөрчийн шуугиулах сэдэв биш. Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой. Тухайлбал УИХ-д сүүлийн зургаан жилд нэг нам хэт олонх болсноор төрийн хяналт суларч, олонхоороо түрүү барьж дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй болж байгаа нь ил тод болсон. Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал ч эрс хурдацтай өөрчлөгдөж байгаа нь Монгол Улсад парламентийн ардчиллыг баталгаажуулах, эрх мэдлийн төвлөрөлийг сааруулах, хүчтэй сөрөг хүчнийг бий болгож, парламентад олон намын олон урьгалч үзлийг уралдуулах нөхцлийг яаралтай бүрдүүлэх нь амин чухал асуудал болж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд гудамжнаас тэмцэнэ гэж байгаа бол би Төрийн ордон дотроос тэмцэнэ " гэсэн юм.