Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тус хуульд “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэсэн хэсэг нэмэхээр төсөлд тусгасан юм.
Мэдээж бүлгийн даргаасаа огцрох талаар яригдаад байгаа УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэлцүүлгийн үеэр саналаа хэлсэн. Тэрбээр, дээрх заалтыг “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг намын төв байгууллага нэр дэвшүүлж санал болгосноор шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ” хэмээн өөрчлөх горимын санал гаргасав. Гэвч нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.