Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан хоёр асуудал хэлэлцэв. Энэ үеэр Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэж буй жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэмийг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтэд олон улсын жишигт нийцсэн техник технологи ашиглах, Монголын тээвэрчид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор олон улсын хэлэлцээрийг баталж байгаа.
Энэ хэлэлцээр батлагдсантай холбоотойгоор тээврийн хэрэгслийн жолооч нарыг GPS буюу хяналтын төхөөрөмжийн дагуу хянах, бүртгэх ажил хийгдэнэ. Үүнийг далимдуулж нэмэлт төлбөр, хураамж авах, тээвэрчдэд чирэгдэл учруулах, хүнд суртал үүсгэхгүй байхад салбарын яам, агентлаг анхаарч ажиллахыг сануулж байна” гэв.