Засгийн газрын хуралдаанаар "Монгол-Ус" төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргалаа. Усны асуудлыг эрхлэх агентлаг байгуулсан тул чиг үүргийн хувьд давхардаж байна гэж үзэж байгаа аж.
"Цагаан шонхор" ТӨҮГ-ыг "Бөртэ" ТӨҮГ-тай нэгтгэхээр боллоо
Мөн "Цагаан шонхор" ТӨҮГ-ыг "Бөртэ" ТӨҮГ-тай нэгтгэхээр боллоо. "Цагаан шонхор" ТӨҮГ бол Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны харьяа тухайн салбарын ажилчдын хувцас хэрэглэлийг хийх зориулалттай компани. Харин Бөртэ ТӨҮГ-ын хувьд тухайн компанитай үйл ажиллагааны хувьд төстэй. Гэхдээ Батлан Хамгаалах Яаманд харьяалагддаг. Тиймээс нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна.
“Буянт-Ухаа” спортын ордон ТӨҮГ-ыг “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” ТӨҮГ-тай нэгтгэнэ
Түүнчлэн, Буянт-Ухаа спортын ордонд БНХАУ-ын 30 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар засвар шинэчлэлийн ажил хийж байгаа. Энэ ажлыг дуусмагц Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ТӨҮГ-тай нэгтгэнэ.
Цаашид төрийн харьяанд ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.