“Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.06.28) Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгаа.
Засгийн газраас мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барьж байна" гэлээ.