Дорноговь аймгийн Айраг сумын Хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас их хэмжээний тэсэлгээний материал хулгайд алдагджээ. Уг хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан бөгөөд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн Цагдаагийн газраас хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Дээрхи хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тус компанид ажилтай “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг ААНБ нь харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.