АНУ-ын Калифорниа мужид дэлхийн хөгжмийн томоохон наадам болох "Коачелла-2022" болж өндөрлөлөө. Наадмын тайзнаа The Hu хамтлаг "Шихихутуг" дуугаа дуулж, дэлхийн фенүүдээ шууруулжээ. Мөн Жастин Бибер, Билли Эйлиш, Гориллаз хамтлагийн дуучин Дэймон Албарн, Снуп Дог, Даниел Цезарь, Анитта, Post Malone зэрэг уран бүтээлчид наадамд хит дуунуудаа сонордуулсан юм. Энэ жилийн наадмын нэгэн онцлог зүйл нь Солонгосын поп хамтлаг 2NE1 нэгдэж, зургаан жилийн дараа анх удаа тайзнаа эргэн гарсан явдал байлаа.
Тэгвэл дэлхийн “од”-той нэгэн тайзнаа гарсан The Hu хамтлагийн арын албанд байгаа хүмүүсийг CHECK тодотгож байна. Мэдээж хамтлагийн үүсгэн байгуулагч МУГЖ, дуучин Б.Дашдондог залуусынхаа захыг мушгаад суух нь ойлгомжтой. Харин “тайзны ард” гол ажлыг нугалсан хүмүүсийг дурьдахгүй байхын аргагүй. Тэд бол хамтлагийн монгол талыг хариуцсан менежерүүд болох Б. Солонго, Б. Тэмүүжин нар юм. Залуу хосуудын хөдөлмөрч чадвар дэлхийд гайхагдаж эхэллээ. Хоёул АНУ-ын Санфранциско хотод амьдардаг, АНУ-д Их сургуулиуд дүүргэсэн, чадварлаг боловсон хүчнүүд.
Хүндэт зочноор хойд АНУ-ын тоурт уригдсан ХБНГУ-ын Бавари мужийн Грэйфелфинг хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, мөн тус хотын ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн xолбооны дарга Гөйбелийн Очмаа байлаа.
Г. Очмаа хамтлагийн үүсгэн байгуулагч Б. Дашдондог, АНУ-д амьдардаг Б. Солонго, Б. Тэмүүжин нартай уулзаж цаашид THE HU хамтлагийн европт хийх аялан тоглолт хийгээд цаашид хамтран ажиллах талаар ярилцжээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд олон улсад Монгол Улсаа сурталчлах том үйлсэд хүчин зүтгэж иржээ. Тэр ч утгаараа АНУ, Германд очих урлагийнхан болоод түүхээ сурталчлах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байдаг аж.