-ЭМД-ЫН САНГИЙН ХАХУУЛЬ АВСАН ДАРГА ТОРГУУЛААД ӨНГӨРСӨН. ХАРИН ЧИНГИСХААН БАНК ЗАРГАЛДАЖ ЯВСААР 3 ЖИЛИЙН ДАРАА ЭМД-ИЙН САНГИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ГЭЖ БАЙНА-
ЭМД-ийн Ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуягийг АТГ 2019 оны есдүгээр сард саатуулан баривчилж шалгаад “Чингис хаан” банкинд байршуулсан ЭМД-ын сангийн чөлөөт үлдэгдлээс хүү илүү бодуулж, 3 сарын хугацаанд 86 сая төгрөгийн хахууль авсныг нь тогтоож байсан. Түүнтэй хамт “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал асан С.Сандагдорж болон “Чингис хаан” банкийг хамтад нь яллагдагчаар татсан байдаг.
“ЧИНГИС ХААН” банк нь анх 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан. Тухайн үедээ оросын мафийн мөнгийг “угаадаг” хэмээн хардагддаг, тодорхой бус, олон нийтэд нээлттэй бус үйл ажиллагаатай байсан юм. Сүүлд 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон бөгөөд “Нүүдэлчин” группийнхэн буюу Шүхэрт хэмээх банкирын хүүхдүүд дийлэнхи хувийг нь эзэмшдэг байсан. Өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид нь хэдэнтээ өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч чимээгүй үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” банкинд байршиж байсан ЭМД-ийн сангийн хэдэн тэрбум төгрөгийг хүүлсэн авилгын хэрэгт ЭМДЕГ болон “Чингис хаан” банкны тухайн удирдлагууд холбогдоод байсан ч торгуулж, нийтийн албанд томилогдох эрхээ цөөн жилээр хасуулаад үлдсэн байдаг.
Тодруулбал, АТГ-аас шалгагдсан “Чингис хаан” банкинд холбогдох хахуулийн хэргийг жил гаруйн дараа буюу 2020 онд Сүхбаатар дүүргийн шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж шийдвэрлэгдээд өнгөрсөн. Харин "Чингисхаан банк"-аас мөнгө гаргуулах зарга 2019 оноос ийн шалгагдаж явсаар 2022 онд Дээд шүүхийн шийдвэрээр биелэлээ олох гэж байна.
ДЭЭД ШҮҮХ: “ЧИНГИСХААН БАНК" ХХК-ААС 27,8 ТЭРБУМЫГ ГАРГУУЛАХААР БОЛЛОО
Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй “Чингисхаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ нь хариуцагч “Чингисхаан банк” ХХК-аас хадгаламжийн гэрээний үүрэгт 27,861,161,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Тус хэрэгт төрийг төлөөлж прокурор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Чингисхаан банк” ХХК-аас 27,861,161,753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.