Хүүхдийн мөнгийг он дуустал 100 мянган төгрөгөөр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэхдээ 50 мянган төгрөгийг хадгалж, 50 мянган төгрөгийг бэлнээр авах сонголттой болгох тухай яригдаж байсан билээ.
Тэгвэл энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Энэ бодлого ямар учиртай вэ гэвэл, товчхондоо, хүүхдэд 50 мянган төгрөг олгоно. Бас Ирээдүйн өв сангаар баталгаажсан данстай болгож, дансанд нь сар бүр 50 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж өгнө.
Тухайн хүүхдэд олгож байгаа 50 мянган төгрөгийг бэлнээр нь авч болно. Хүүхдийн мөнгөө банканд хадгалдаг бол тэр дансандаа шилжүүлж болно.
Мөн тусгай санд үүссэн хуримтлалдаа үлдээж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд өгч байгаа 50 мянган төгрөгийг хадгалж, зарцуулах нь тухайн гэр бүлийн сонголт юм. Харин таны хүүхдийг тусгай санд хуримтлалтай болгож, ирээдүйг нь дэмжих үүргийг төр хүлээе гэж байгаа юм. Энэ бодлого ирэх долдугаар сараас хэрэгжих байсан ч Засгийн газар эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хойшлуулах шийдвэрийг гаргасан. Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно" хэмээн Монголын үнэн сонины сэтгүүлч Д.Отгонжаргалд өгсөн ярилцлагадаа дурджээ.