Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс "Ice top" хамтлагийнхныг баривчилсан гэх мэдээлэл гарсан. Харин үүнийг Ice top хамтлагийнхан эрс үгүйсгэсэн билээ. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэл, мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун "Өнгөрсөн амралтын өдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнд ICE TOP хамтлагийн "Миний нийслэл" тоглолт 12:00-01:00 цагийн хооронд зохион байгуулагдсан. Тоглолтын үеэр цагдаагийн байгууллага хэв журмыг сахиулан ажилласан. Мөн Хар тамхитай тэмцэх газраас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 20 хүнээс биологийн шинжилгээ авсан. Улмаар гурван хүнээс хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. ICE TOP хамтлагийн дуучдаас буюу тоглолт зохион байгуулагчдаас хар тамхи илрээгүй." гэв.