МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг ч эл томилгоог хэлэлцэж, дэмжсэн. Нэр дэвшигч С.Бямбацогт "Хуваагдаж, үл ойлголцсон 68 гишүүнээ ойлголцуулж, нэгтгэх туршлага надад байна. Намын эв нэгдлийг хангах, нам доторх цөөнхийн илэрхийлж буй байр суурийг сонсож хүндэтгэлтэй хандах тал дээр тодорхой ажлуудыг хийнэ" гэж мэдэгдсэн. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаан дээр очоодацаж орхисон. Тодруулбал, хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч хуралдааны эхэнд Ардчилсан намын бүлгээс ажлын гурав хоногийн завсарлага хүссэн юм.
Харин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс нэг хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэснээр УИХ-ын даргын томилгоо маргааш хүртэл хойшилсон. Харин дараахан нь нэгхоногийн бус нэг цагийн завсарлага өг гэснийг буруу дуулж гэх маргаан дэгдээж амжив. Ямартай ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй МАН-ынхан маргааш нэг чигт харахын тулд өнөө шөнө ахиад л нойргүй хонох нь гарцаагүй боллоо.
Түүнчлэн УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт "АН-ынхны санаачилсан “УИХ-ын дарга нам бус байх” хууль батлагдвал намаас түдгэлзэх асуудлыг ярьж болно. Улстөржилтийг хойш тавьж, аль болох зөрчилгүй явах тал дээр анхаарч ажиллана" гэх мэдэгдлийг хийж амжсан. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын даргаар сонгогдсон хүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай учраас томилгоо гацаад байна. Шинээр сонгогдох спикер шуналаа татаж явах хэрэгтэй. Сонгодог парламентын зарчмаараа явах нь зөв гэж миний хувьд бодож байгаа" гэх мэдэгдлийг хийж амжсан. Мэдэгдлийн хариуг албан бусаар нэр дэвшигч маань өгсөн. Өөрөөр хэлбэл С.Бямбацогт гишүүн ”Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ” гэж хариу мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж амлалт өгөн, намаасаа түдгэлзэн байж УИХ-ын дарга болох түүний хүслийг биелэх эсэхийг маргааш биднйи монголчууд нийтээрээ харна. Бүр тодруулбал, маргааш шийднэ.




