Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Вашингтонд хаяглан мэдэгдэл хийжээ. Тэрбээр АНУ-г улсынх нь цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрвөл талууд найрсаг харилцаатай байх боломжтойг онцолсон байна. Ким Жон Ун “АНУ манай Үндсэн хуульд заасан цөмийн байр суурийг хүндэтгэж, дайсагнасан бодлогоо зогсоовол бид АНУ-тай сайн харилцаатай байх боломжтой.
Хоёр улсын харилцааны ирээдүй бүхэлдээ АНУ-ын хандлагаас хамаарна. Энх тайвнаар зэрэгцэн орших эсвэл байнгын сөргөлдөөнтэй байх, аль алинд нь бид бэлэн. Гэхдээ бид сонголтыг хийхгүй хэмээн онцолжээ.
Тэрбээр нийслэл Пёньян хотноо болсон намын их хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн аж. Гэхдээ Ким Өмнөд Солонгосыг хамгийн гол дайснаа хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр "Сөүлийг ахан дүүсийн ангиллаас бүр мөсөн хасна. Өмнөд Солонгос бидэнтэй хил залгаа гэдэг геополитикийн нөхцөлөөс гарч чадахгүйгээс хойш аюулгүй орших цорын ганц зам нь биднийг зүгээр орхих явдал” хэмээн ярьжээ.
Ким Жон Ун цөмийн хөтөлбөрийнхөө талаар дурдахдаа цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлэх, хүрээг нь тэлэхэд анхаарах талаар онцолсон аж. Олон жилийн турш үргэлжилсэн олон улсын хориг арга хэмжээнүүдийг үл харгалзан Умард Солонгос цөмийн чадавхаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, хориглосон тив алгасах баллистик пуужинг ч тогтмол туршсаар байгаа юм.




