БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарлаж, үймээн самуун дэгдээж, бослого зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзэн өөрт нь оноосон бүх насаар нь хорих ял шийтгэлийг давж заалджээ. Сөүл хотын Төв дүүргийн шүүхээс түүнийг 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр цэргийн байдал тогтоох замаар бослогод турхирсан хэрэгт буруутгаж, бүх насаар хорих ял оноосноос хойш тав хоногийн дараа түүний өмгөөлөгчид ийнхүү давж заалдах гомдлыг албан ёсоор гаргасан байна.
Бид энэхүү шийдвэртэй холбоотой асуудлуудыг зөвхөн шүүхийн тэмдэглэлд төдийгүй ирээдүйн түүхэн баримтуудад тодорхой тэмдэглэн үлдээхийг өөрсдийн үүрэг гэж үзэж байна. Бид тусгай прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн маргаантай шийдвэрийн цаадах улс төрийн зорилгын талаар дуугүй өнгөрөхгүй" хэмээн түүний өмгөөлөгчид мэдэгджээ.
Сөүлийн Төв дүүргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласныхаа дараа парламентын үйл ажиллагааг саатуулах зорилгоор Үндэсний ассамблей руу цэрэг илгээсэн нь Үндсэн хуульд заасан "төрийн эсрэг бослого" гэх тодорхойлолтод бүрэн нийцэж байна гэж мэдэгджээ.
Уг хэрэгт Юн Сог Ёлоос гадна өөр долоон хүн ял сонссоны дотор Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён 30 жил, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Чо Жи Ху 12 жил, Сөүл хотын Цагдаагийн газрын дарга асан Ким Бун Сик 10 жилийн хорих ял оноосон байна. Үүнээс гадна Юн Сог Ёль өнгөрсөн онд өөрийг нь баривчлах ажиллагаанд ажилд саад учруулсан хэргээр таван жил хорих ял сонсоод байгаа юм.




