Монгол Улс 12-17 насны хүүхдүүдээ Файзер вакцинд 2021 оны зургаадугаар сараас хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 12-15 насны хүүхдүүдийн 71, 16-17 насны хүүхдүүдийн 87 хувь нь Файзер вакцины хоёр тунд хамрагдаад байгаа. Тэгвэл 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт бүүстер тунг хийж эхлэхээр болжээ. Энэ тухай тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд зургаадугаар сарын 15-нд буюу өнгөрсөн Лхагва гарагт гаргасныг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар мэдээлсэн юм.
Коронавирусийн халдварын тоо буурсан ч тархалт үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд мутац тасралтгүй явагдсаар байгаа.
Иймд дэлхийн улс орнууд долдугаар сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавиад буй бөгөөд дархлаа сэргээх нэмэлт тунг чухалд тооцож байна.
Түүнчлэн вакцинд огт хамрагдаагүй хүүхдүүд хамгийн их эрсдэлтэй, хүндээр өвчлөх магадлалтай тул 5-12 насны хүүхдүүдийг вакцин хамруулах ажил удахгүй эхлэх товтой байна. Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний ээлжийн 300,000 тун, хүүхдэд зориулсан Файзер вакциныг нийлүүлж байгаагаа өчигдөр мэдэгдээд буй.